Энэ хүрээнд манай редакц ихэвчлэн хөшигний цаана үлддэг баталгаатай бөгөөд сонирхолтой эх сурвалж болохуйц эмэгтэйчүүдийг "тайзан” дээр гаргаж ирэн үг хэлэх боломжийг олгохыг зорьж буй. Энэ удаад хуульч мэргэжилтэй, 20 жил нотариатчаар ажилласан туршлагатай, шинэхэн төрийн албан хаагчтай уулзаж ярилцлаа.

 

      Ренчиндоржийн Онончимэг 2022 оны 12 дугаар сарын 22-оос эхлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байна. Тэрбээр тус зөвлөлийн хамгийн залуу гишүүн бөгөөд анхны эмэгтэй дарга юм.

 

"ТӨРИЙН АЛБА ШИНЭ, СОРГОГ ӨӨРЧЛӨЛТ БОЛЛОО"

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг

 

-Таны ажлын туршлага сонирхолтой юм. Төрийн албанд шинэ хүн аж.


-Би хуульч мэргэжилтэй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөн, 2003 онд Хууль зүйн магистр хамгаалсан. Сүүлийн үед багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх, хүнийг ойлгох чадвар хүнд байх ёстой гэж бодоод хувь хүний хөгжилд анхаарч байна. Би их сургуулиа төгсөөд 2001 онд Монголын Нотариатчидын танхимд Архивчаар ажилд орсноор нотариатын байгууллагад 20 жил ажилласан.

 

Нэг системд 20 жил ажилласан учраас тодорхой хэмжээнд өөрчлөлт хийж, өөрийгөө сорих ёстой гэдэг бодолтой явж байх үед Шүүхийн тухай хууль батлагдсан. Энэ хуулиар ШЕЗ-д шүүгч бус гишүүн орж ирэх боломжтой болсон. Шалгуур үзүүлэлт нь ч надад боломжтой санагдсан тул нээлттэй сонсголоор УИХ-аас томилдог энэ албан тушаалд өөрийгөө нэр дэвшүүлсэн. Олон хуульч нэр дэвшсэн. Энэ дундаас УИХ-аас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүний нэгээр томилогдон ажиллаж байна. Өмнө нь төрд, төрийн байгууллагад ажиллаж үзээгүй. Нотариат, өмгөөллийн байгууллагад гээд илүү олон нийт рүү чиглэсэн ажил хийж байсан миний хувьд төрийн алба шинэ, соргог өөрчлөлт болсон.

 

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар 11 эрэгтэй хүн ажиллажээ. Харин энэ жил эмэгтэй хүн сонгогдсон нь хүйсийн тэгш байдлын талаас олзуурхууштай санагдаж байна. Сонгуулийн тухай товчхон дурдаж болох уу?


-Шүүхийн тухай хуульд жил болгон ШЕЗ-ийн гишүүд дотроос даргаа нэг жилийн хугацаатай сонгоно гэж заасан. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн анхны жил Д.Зүмбэрэллхам дарга ажиллаж, өөрчлөлт, шинэчлэлтийг зөв эхлүүллээ. Гишүүн бүр нээлттэй өрсөлдөх боломжтой. Миний бие өөрийн нэрийг дэвшүүлээд олонхын саналаар сонгогдсон. Бусад есөн гишүүн бүгд л энэ байгууллагыг удирдах чадамжтай хүмүүс гэдгийг дурдах нь зөв. Би 2023 онд ажиллаад 2024, 2025 онд дахин өөр дарга ШЕЗ-ийг удирдаад явна. ШЕЗ-ийн арван гишүүний дөрөв нь дөрвөн жилийн хугацаанд даргаар ажиллана л гэсэн үг. Хуулиар ийм өөрчлөлт орж ирсэн.

 

ШЕЗ бол хамтын удирдлагын байгууллага. Тиймээс нэг дарга томилогдоод ажил цалгардаад, нөгөө дарга гарч ирээд нэгнийхээ ажлыг гацаах зэрэг ойлголт огт байхгүй. Дарга нь гадаад, дотоодод байгууллагаа төлөөлөх, зохион байгуулалтаар хангах, гарын үсэг зурах ажлыг хийдэг. Бусад бүх ажил гишүүдэд адил хуваарилагддаг. Одоогийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний долоо нь эмэгтэй, гурав нь эрэгтэй. Өмнө нь эмэгтэй гишүүд цөөн, эрэгтэйчүүд нь олон байсан юм билээ.

 

"ЖАРГАЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ ШҮҮ, ХЭДҮҮЛЭЭ" ГЭДГИЙГ Л ХЭЛЖ БАЙНА

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн үе үеийн дарга нар

 

-Нэг жилийн хугацаанд үүнийг л сайжруулна, өөрчилнө гэсэн зорилт бий юу?


-Бидний энэ жилийн зорилго, төлөвлөгөө гарсан. 2022 онд Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх тухай бүх дүрэм, журам бодлогуудаа баталсан. Шүүх байгуулах тухай хуулиа Засгийн газарт өргөн барьсан. Одоо хаврын чуулганаар Шүүх байгуулах тухай хууль батлагдах болов уу. Энэ тал руу түлхүү анхаарч ажиллана. Энэ жил Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 30 жилийн ой болж байна. Ойн хүрээнд тодорхой ажлууд хийгдэнэ. Ойг угтаж шүүхийн үйлчилгээг сайжруулах талаар тамгын газрын ажилчдын удирдах зөвлөгөөний хурлаар ярилцлаа. Мөнгөгүй, боломжгүй гээд суугаад байхаас илүү бидний зүгээс болох талаас нь хамтдаа хичээнэ. Мөн нийт шүүгчдийн чуулган энэ жилийн 10 дугаар сард болно.

 

Муу ажилтан гэж байдаггүй, буруу газраа байгаа хүн л гэж байдаг.

 

Хамгийн чухал ажил бол шүүхийн захиргааны байгууллагын ажилтнуудын ачааллын судалгааг гаргаж байна. Энэ судалгааг хийхэд олон улсын байгууллагууд тусалж байгаа. Шүүхийн захиргааны байгууллагын ажилчдынхаа ачааллын судалгааг гаргаад ирэхээр зөв хуваарилалт, цагийн уян хатан байдлыг бий болгож чадна. Би ажлаа аваад "Жаргаж ажиллах ёстой шүү, хэдүүлээ" гэдгийг л хэлж байна. Гэр бүлдээ маргаан дэгдээх, үр хүүхдээ мартталаа ачаалалтай, завгүй, буруу цагийн хуваарилалтаар ажиллаж болохгүй. Тиймээс ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд анхаарна.

 

-Өмнө нь та хувийн хэвшлийн ажилтан байсан. Гаднаас орж ирсэн хүний хувьд төрийн байгууллагад ажил явуулахад ийм л асуудал байна даа гэж харж байгаа зүйл юу байна вэ?


-Маш сонирхолтой байгаа шүү. Би хувьд ажиллаж байсан хүн. Хувийн секторын бид өөрсдөө л сайн ажиллаад амьдралаа залгуулдаг, хэн нэгэнд ялархдаггүй. Харин төрд чадвартай, зөв хүмүүс нь ажиллаж чадаж байна уу гэдэг нь бодох л асуудал бололтой юм. Зөв хүмүүс нь зөв ажлын байрандаа байгаад, хөгжлийн урсгал нь зөв байна уу гэвэл би тийм биш гэж хэлнэ. Жишээ нь шүүхийн захиргаанд таван жилээс дээш хугацаанд ажилласан хүн ховор байна. Тогтвортой ажиллаж байгаа нь давуу талтай ч нөгөө талдаа сул талтай ч байхыг үгүйсгэхгүй. Хөгжихгүй, миний цалин хийсэн ч хийгээгүй ч орох л юм чинь гэх хандлага байж болох юм. Ер нь муу ажилтан гэж байдаггүй, буруу газраа байгаа л хүн гэж байдаг.

 

Төрийн ажилчдын хувьд хэт хайрцаглагдсан сэтгэлгээнд орчихсон юм болов уу гэж харж байна. Нэг нь дарга, нөгөө нь цэрэг гээд ойлгочихдог. Энэ хорвоо дээр төгс хүн байхгүй. Харилцан адилгүй ур чадвартай хүмүүс бие биеэ нөхөөд л хамтраад ажиллаж байгаа. Гэтэл би чинь олон жил ажилласан хүн шүү дээ гээд суучихдаг. Тэгээд гараас нь ажил нь гарч өгдөггүй. Үүнийгээ өөрөө ойлгодоггүй хүмүүс байна уу гэж би хараад байна. Энэ хүмүүс дараагийн үеэ бэлтгэж байгаа шүү дээ.

 

Төр иргэддээ үйлчилж байна л гэдэг. Гэтэл яагаад дандаа шүүмжлэлд өртөөд байна вэ. Энэ харилцаатай л холбоотой шүү дээ. Үүнд шинэчлэлт хийж, илүү ухаалаг болгохын тулд ажилчдаа сургах, чанартай боловсрол олгох, хувь хүний хөгжилд анхаарах зайлшгүй ажил байна гэж харж байгаа.

 

Би үнэндээ өндөр төсөөлөлтэй орж ирсэн. Гэхдээ шүүх бол маш ядуу салбар юм байна.

 

XX зуунд бичиг, үсэггүй байдал харанхуй бүдүүлэгт ордог байлаа. Харин XXI зуунд суралцдаггүй, буруу сурснаа устгаад ахиж шинэчилдэггүй хүмүүсийг бичиг, үсэггүй гэж ойлгодог юм байна. Төрийн албанд энэ талын чадварууд их байх учиртай. Нэг зүйлийн төлөө зорьж буй хэрнээ газар хэлтсээрээ уралддаг. Ийм л төрийн албыг бид төлөвшүүлжээ гэж бодох хэрэгтэй. Гэхдээ энд ажиллаж байгаа хүмүүсийн буруу биш.

 

"110 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БАЙГУУЛЛАГА ОРОХ ОРОНГҮЙ Л СУУЖ БАЙНА"

 

-Тэгвэл шүүхийн салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна?


-Бид нэг л зүйлийн төлөө зорьж байна. Тэр нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгох. Шүүх хүний зөрчигдсөн эрхийг л хамгаалах гээд байгаа шүү дээ. Үүнийг яаж зөв, ойлгомжтой байлгах вэ гэдэг ажил чухал байна. Их олон сайхан ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ шүүх бол маш ядуу салбар юм байна. Санхүүжилт маш хэцүү.

 

Би үнэндээ өндөр төсөөлөлтэй орж ирсэн. Шүүхийн цахимжилтыг дэмжинэ. Хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүмүүсийн эрхийн асуудлаар олон улсын хурал, зөвлөгөөнд оролцож илтгэл тавьж ирсний хувьд тэгш байдлыг хангана. Манай шүүхийн сайт яагаад хараагүй, сонсголгүй хүмүүс хэрэглэх боломжтой байж болохгүй гэж гэх мэт том төсөөлөлтэй ирсэн. Гэтэл энд шатахуун литрээр яаж авах, цаас боодлоор тоолж, тооцох тухай, тэр нь хүрэлцэхгүй л юм ярьж байна.

 

-Ядуу салбар гэдэгтэй санал нийлж байна. Шүүхийн байрны асуудал маш хүнд. Үүнийг шийдэх талаас ямар ажил төлөвлөж байна вэ?


-Шүүх 110 жилийн түүхтэй салбар. Хэдийгээр би хуульч мэргэжилтэй ч шүүх байгууллагаар тэгж олон явсангүй. Оюутан байхдаа Дээд шүүхийн байранд нэг орж үзсэн. Сүүлд Сүхбаатар дүүргийн нотариатач байсан учраас тус дүүргийн шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх ажлаар орж байсан. Яг дунд нь орж ирээд ажилласан чинь 110 жилийн түүхтэй байгууллага өнөөдөр орох оронгүй л сууж байна. Үүнийг цогцоор нь шийдье гээд Шүүхийн тухай хуульд шүүх өөрийн байртай, төрийн хамгаалалттай байхаар тусгаж, өөрчилсөн. Энэ талын ажил, шийдлүүдийг л ШЕЗ-ийн 10 гишүүн хараад явж байна. Гэвч 2023 оны төсөвт барилга, байшинтай холбоотой зардал суусангүй.

 

CU сүлжээ дэлгүүр хүртэл энгийн стандартад хүрчхээд байхад шүүх энэ хэвээр суугаад байж болохгүй.

 

Төрийн хэмнэлтийг ойлгож, хүндэтгэлтэй хүлээн авч байгаа. Ганцхан шүүх хэцүү байна гэхээс илүүтэй төрийн бүх л систем хэмнэлтийн горимоор ажиллаж байна. Гэхдээ цаашид шийдэгдэхгүй байх асуудал энэ огтоос биш. Байр, байшин гээд ярихаар л хэдэн шүүгч суух гээд байгаа юм шиг ойлгодог. Шүүх, шүүгч ер нь яагаад байдаг юм. Иргэндээ л үйлчлэх гэж шүү дээ.

 

Тэгэхээр иргэн шүүхийн байранд ирээд интернетэд холбогдчихдог, тодорхойлолтоо хэвлээд гаргачихдаг, ариун цэврийн өрөө ашиглачихдаг, кофе уучихдаг энгийн л стандарттай байртай болмоор байгаа юм. CU сүлжээ дэлгүүр хүртэл энэ түвшинд хүрчхээд байхад шүүх энгийн стандарт ч хүрэхгүй суугаад байж болохгүй шүү дээ. Тиймээс шүүхийн байрыг ярихаас өөр арга байхгүй. Төр нэгэнт л Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол ард нь бас эдийн засгийн асуудлыг дагалдуулж шийдэх л ёстой.

 

-Шүүхийн шинэ байр гэвэл хамгийн ойр дуулдаж байгаа нь Яармаг дахь  цогцолбор уу?


-2023 онд төсөв тавигдаагүй учраас тэр байр ашиглалтад орохгүй л гэсэн үг. Тэр барилгын асуудал яригдаад 10-аад жил болж байгаа юм билээ. 2024 онд яахыг мэдэхгүй юм. ШЕЗ-ийн гишүүд чиг үүргийн дагуу  Хууль зүй дотоод хэргийн сайдтай уулзахад удахгүй хэрэгжиж эхлэх Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн дагуу боломж бий. Түүнээс төсвөөс хэдэн зуун тэрбумаар байшин, барилга барих боломж ойрын 1-2 жилдээ хэцүү байна гэх зүйл хэлнэ лээ. Шийдэхгүй гэсэн үг огт биш. Хугацааны л асуудал болов уу.

 

"БАНК ХҮРТЭЛ ТҮЦ МАШИНЫ ЛАВЛАГААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ НОТАРИАТ ШААРДДАГ"

 

 

-Нотариатын байгууллагад 20 жил ажилласан хүнээс асуухад нотариат юунд, хэнд хэрэгтэй вэ, энэ үйлчилгээ заавал байх ёстой юу, үгүй гэдэг шүүмжлэлийг олон нийт өрнүүлэх болжээ. Та үүнд ямар байр суурьтай явдаг вэ?


-Нотариат төрийн гэрчийн үүрэг л гүйцэтгэдэг. Түүх сөхвөл Монгол Улс өмгөөллийн байгууллагаас урьтаж 1923 онд нотариатын байгууллагыг бий болгосон байгаа юм.

 

Хэчнээн дижитал болсон ч дэлхийн 200 гаруй улс хоорондоо бичиг баримтаа хэрхэн хүлээн зөвшөөрч, яаж баталгаажуулах юм гэдэг зайлшгүй чухал асуудал хэвээр л байна. Тэгэхээр 1920-иод онд Монгол Улсад хийгдсэн итгэмжлэл Орост, Хятадад түүнийг яаж хүлээн зөвшөөрөх юм гэдэг асуудал гарч ирэхэд нотариатын баталгааг хүлээн зөвшөөрье гэдэг улс хоорондын хоёр талт гэрээ хийсэн процесс одоо хэр нь явсаар байна. Улс дотроо бол хууль зүйн зөвлөгөө, туслалцаа тэр бүх зүйлийг нотариат үзүүлж, гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

 

Банк хүртэл төрийн үйлчилгээний ТҮЦ машины лавлагааг хүлээн зөвшөөрөхгүй нотариатаар баталгаажуулахыг шаарддаг.

 

Би нотариатын ажлаараа бахархдаг. Шүүх маргаж байгаа хоёр талын аль нэг талд л шийдвэр гаргадаг. Нэг нь гомдож, нөгөө нь баярладаг. Харин нотариатач бол маргааныг бий болгохоос өмнө урьдчилан зөвлөж, гэрээ, итгэмжлэл, өв залгамжлалыг зөвлөж, талуудын талархлыг ижил тэнцүү хүртдэг сайхан ажил.

 

2011 онд Нотариатын тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсан. Үүгээр нотариатач бичиг баримтыг хуулбарлан заавал гэрчлэх зүйл, заалтыг хуулиас хассан. Гэтэл өнөөдөр яагаад нотариат шаарддаг вэ гэхээр төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож чадахгүй байна. Хоорондын уялдаа холбоо байхгүй учраас шаардаад байгаа юм. Банк хүртэл төрийн үйлчилгээний ТҮЦ машины лавлагааг хүлээн зөвшөөрөхгүй нотариатаар баталгаажуулахыг шаарддаг. Түүнээс нотариат бичиг баримтаа аваад ир, бид баталмаар байна гэдэг зүйл огт байхгүй шүү дээ. Нотариатын үндсэн чиг үүрэг бол зөвлөх, гэрээ хэлцэл боловсруулах, гэрчлэх юм.

 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Сэтгүүлч Г.Тэгшсүрэн

Эх сурвалж: gogo.mn