Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-10-2015, 17:36   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХУУЛИЙН ЭЗЭНТ ГҮРЭН БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эрх зүйт ёс сантай хамтран шүүгч, хуульч, судлаачдын улс төр, эрх зүйн шинжлэх ухааны мэдлэгийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилгоор дэлхийн нэртэй, сонгодог бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан, хэвлүүлж, уншигчдын хүртээл болгох ажлыг эхлүүллээ.

Энэ удаад эрх зүйн нэрт философич Роналд Дворкины "Хуулийн эзэнт гүрэн” хэмээх бүтээлийг хэвлэн гаргасан бөгөөд номын утга агуулга, хэвлүүлэх болсон шалтгааны талаар хууль зүйн шинжлэх ухаан, философийн ухааны доктор (Sc. D, Ph. D), профессор Н.Лүндэндоржийн "Анхны уншигчийн сэтгэгдэл”-ийг та бүхэнд толилуулъя:

 

"Номын дэлгүүрээр явж ном сонирхон явахад номын нэр төрөл маш хурдан өөрчлөгдөж байгаа боловч хууль зүйн онолын бүтээл нэн ховор. Байгаа номнууд нь нэг л хэм хэмжээнд баригдсан, хуулийг дагуулж сэтгэх хэмжээнд бус харин дагаж сэтгэсэн шинжтэй зохиогчийнх нь байр суурь, өөрийн үзэл харагдахгүй байх нь олонтаа. Хууль зүйн онолын сэтгэлгээний ном ховор болохоор хуульчид үндэслэгээ, нотолгоо гаргаж үзэл баримтлал дэвшүүлэх, задлан шинжилгээ хийж мэтгэлцэх, бүхэлдээ ямар нэгэн "философидолт” явагдахгүй. Үүний улмаас хууль зүйн онолын сэтгэлгээ зогсонги байдалд орж улс төрчдийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон хэм хэмжээг нухаж суух хандлага давамгайлан зэврэх байдалд тулсан мэт.

Энэ нөхцөл байдал, эмзэглэл хууль зүйн онолын сэтгэлгээний нэртэй бүтээлүүдийг орчуулах ажлыг эхлүүлэхэд минь хүргэсэн билээ. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллах үедээ Р.Дворкиний "Хуулийн эзэнт гүрэн”, Дж.Роулсын "Улс төрийн либерализм” номыг орчуулах гэрээг Я.Очирсүх, доктор Б.Батчулуун нартай байгуулсан. Улмаар В.Ф.Гегелийн "Эрхийн философи” номыг философич Ү.Нямдоржийн орчуулгаар, Л.Харт, Жан Бержель нарын сонгодог бүтээлийг монгол хэлнээ хэвлүүлэх ажил хийхээр төлөвлөж байна. Хууль зүйн онолын бүтээлүүдийг орчуулах, хэвлэх ажилд "Эрх зүйт ёс” сан хүч хавсарч, санал санаачилга гаргаж, аль хэдийн ажлаа эхлүүлсэн нь содон мэдээ, сайн үйлс юм.

Одоо гол ажилдаа оръё. Р.Дворкиний номыг хэвлүүлэхийн өмнөх анхны уншигч болох хүсэлтийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс аваад энэ нэртэй судлаачийн номыг эх хэлнээ унших хувь тохиолоо. Номын эхийг аваад хартал нэрийг нь орчуулагч "Хуулийн эзэнт гүрэн" гээд орчуулсныг шууд л засаад "эрх зүйн ноёрхол, хуулийг дээдэлэхүй, хуулийн засаг" гэх мэтээр нэрлэмээр санагдлаа. Унших ажил энэ маягаар эхэллээ. Эхийг уншиж дуусаад хартал орчуулагчийн оноосон нэр зөв байжээ гэж бодсон.

Номыг уншихад хүнд байсныг хэлье. Жишигийн эрх зүйн орчин үеийн ололт, сургамж, туршилтад тулгуурлан эрх зүйн философийн нарийн шинжилгээг хийх замаарэрх зүйн философийн шинэ онолыг үндэслэхэд энэ бүтээл бүхэлдээ чиглэсэн учраас эрх зүйн философийн суурь мэдлэг шаардах нь зүйн хэрэг. Ийнхүү мэргэжлийн төвшний ном учраас өргөн олон уншигчдад зориулаагүй бүтээл болох нь шууд мэдрэгдэнэ. Харин эрх зүйн философийн суурь мэдлэгтэй хүн уншвал орчуулга ойлгогдоно.

Орчуулгын үг хэллэгийн тухайд оносон, оноогүй тухай олон зүйл хэлж болох хэдий ч үгэнд бус утганд итгэх зарчмаар харвал бидний "жам ёсны эрх" гэдгийг "натурал эрх" гээд орчуулсныг засах ёстой гэж хэлмээргүй санагдсан. Харин Ж.Дворкины энэ бүтээлээр дэвшүүлсэн гол онол "law as integrity" ойлголтыг орчуулагч "эрх зүйн бүхэллэг чанар" гэж орчуулсан нь эхлээд нэлээд эргэлзээ төрүүлж байсан хэдий ч эрх зүйг цогц тогтолцоо, цуврал роман шиг, гинжин хэлхээ холбоотой гэсэн утгыг илэрхийлж байгаа учраас нэр томъёоны оноолт буюу тэмдэг нь дасах л тухай асуудал юм гэж бодлоо. Энэ бүтээл бүхэлдээ хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэх тухай учраас шүүгчийн ширээний ном гэлтэй.

Дашрамд энэхүү сонгодог бүтээлтэй Монголын шүүгч, хуульчид эх хэлээрээ уншиж танилцах боломжийг олгон эрх зүй, шүүхийн шинэтгэлд үнэтэй хувь нэмэр оруулсан Харвардын их сургуулийн хэвлэлийн газар (Harvard University Press)-т талархал илэрхийлье."

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

 

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 711   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Зургаадугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930