Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-01-2015, 09:44   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд ажиллалаа

Бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын бүх шүүхүүдийн ажил байдалтай газар дээр нь биечлэн очиж танилцахыг зорьж буй ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж ээлжит уулзалтаа хийлээ. Өнгөрөгч баасан гаригт тэрбээр ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон ажлын албаны газар, хэлтсийн дарга нарын хамт Захиргааны хэргийн анхан шатны 20 болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, санаа бодлыг нь сонссон юм.

Хотын төвд орших ч давчуу байрандаа багтаж ядсан тус шүүхүүдийн үйл ажиллагаатай Н.Лүндэндорж дарга үүднээс нь эхлэн танилцаж, шүүгчдийн өрөөгөөр зочлон, ажлын ачаалал, ажлын байрны нөхцөлийг нь онцлон, асууж явлаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үүдэнд Тахарын алба нь судалгаа мэдээллийн шилэн хорготой тулж, шүүгчдийн туслахууд цонхгүй өрөөнүүдэд давчуухан сууцгаах байдал угтсан юм.

Шүүхийн үүдээр ормогц дэлгэцээр гарч буй шүүх хуралдааны бичлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, удирдлагууд анхаарал хандуулж, нээлттэй шүүхийн үйл ажиллагааг ажиглаж явлаа. Энд шүүхийн байрны асуудал хамгийн тулгамдсан бэрхшээл болоод байгаа нь илт. Кридороо зайчлан өрөө болгож, ширээ сандал тавьсан харагдана. Захиргааны шүүхэд 7 хоногтоо 90-110 шүүх хурал зарлагддаг. Шүүх хуралдааны танхимууд нь умгар жижиг, агааржуулалт муу учраас олон хүнтэй хуралдаанд хэвийн ажиллах нөхцөлгүй, эрүүл мэндийн шаардлага хангахгүй харагдана. Томилогдоод удаагүй шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ажил үүргээ гүйцэтгэхэд нь тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, ажлын ачаалал хэр байгааг тодруулж байлаа. Тус шүүхэд нэг шүүгч жилд 50 гаруй хэрэг дунджаар шийдвэрлэдэг нь иргэний хэргийнхтэй харьцуулахад харьцангуй ачаалал бага гэж болох ч шүүгч өөрөө нотлох баримт бүрдүүлж, гэрчээ асууж, хэргийн газар шалгалт үзлэг хийх зэрэг онцлог ажиллагааг нь бас дурдаж байв.


"Танай шүүх үнэхээр багтаж ядаж байгаа юм байна. Дөрвөн шүүгчийн орон тоо нэмж зарлагдсан байгаа. Тэд нэмэгдвэл байдал бас хүндрэхээр байна. Туслахуудын ачаалал ямар байна? Цалин хөлс бага байгааг бид мэдэж байгаа" гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж илэн далангүй яриа өрнүүлэн, бичиг хэрэг, архив, эмчийн өрөөг нь алгасалгүй үзэж танилцсаны эцэст уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Н.Лүндэндорж дарга "Би ажлаа авсан цагаасаа хойш гадаад орны шүүхийг Монголынхтойгоо харьцуулж ажиглаж харж явлаа. Магадгүй заримтай нь дүйж очиход 50 шахам жил ч хэрэгтэй байж болох юм. Танай шүүхүүд ажиллах орчныхоо төлөө өөрсдийн нөөц бололцоог дээд хэмжээнд, чинээнд нь тултал бүрдүүлнэ гэж чармайж хичээсэн нь харагдаж байна.


Шүүхийн захиргааныхан маш давчуу нөхцөлд ажиллаж байгаатай бид танилцлаа. Эдийн засгийн хямрал болоогүй бол байрны асуудлыг шийдчих боломж байсан. Өнөөдөр хотын төвд яам агентлаг, дүүргүүдийн байр сүндэрлээд гаарчихсан байхад шүүх хоцрогдчихсон. Хөдөө нутагт бол намайг хүүхэд байхад байсан байрандаа л шүүх байж байна. Дүүргүүдийн актлаад хаячихсан байрыг бид өвдөг дэвсэн гуйж байж авдаг. Авахдаа бас их гуйж, шүүхдэнэ гэж байж авдаг. Танай нөхцөл байдлыг харахад хүнд байна. Гэхдээ өнөөдөртөө хүнд нөхцөл, давчуу орон зайдаа шүдээ зуугаад Монгол Улсын төлөө зүтгэхээс өөр арга алга. Би энд өөрөө бага ярьж, та бүхнийг их сонсох гэж ирсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл УИХ, ЗГ-ын хуралдаанд байр сууриа илэрхийлэх эрхтэй. Шүүгчдийн цалин хөлстэй холбоотой таатай бус уур амьсгал бусад эрх мэдлээс гарч байгаа энэ цагт ШЕЗ анхааралтай ажиглаж, даруу байгаа. Аливаад илүү ухаантай, илүү гэгээрсэн нь тэвчдэг. Бид цагаа олохгүй дуугарвал шүүгчдэд маань эрсдэлтэй. Ингээд та бүхнийг сонсьё" гэхэд шүүгчид ажил мэргэжлийн байдлаас болоод вакумжсан орчинд ажиллаж байгаа тухай, боловсрол мэдлэгээ ахиулах сургалтуудын талаар, мөн ажлын байрны стандарт бус байдал, шүүгчдийн цалин хангамжтай холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл, хүний нөөцийн чиглэлээр орон тоог анхаарах зэрэг асуудлуудыг хөндөж санал бодлоо илэрхийлж, харилцан ярилцлаа.


Төгсгөлд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж дэлхийн шүүхийн хөгжлийн хандлага, шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүгчийн мэргэжлийн ёс зүй, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэхэд анхаарах асуудал, e-court буюу ухаалаг шүүх, шүүхийн менежмент, шүүгчдийн боловсролд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийснээр уулзалт амжилттай өндөрлөлөө.







 

 

 ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 771   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Долоодугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031