Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-12-2018, 10:22   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Д.Гансүх: Шүүх хуралдаан удирдана гэдэг нэг ёсны урлаг юм



Шүүгч таны мэдлэгийн санд буландаа энэ удаа Монгол Улсын гавьяат хуульч, ахмад шүүгч Д.Гансүхтэй шүүх хуралдаан удирдах талаар хийсэн ярилцлагыг толилуулж байна. Тэрбээр хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэх ёсны төлөө хоёргүй сэтгэлээр шүүхийн байгууллагад тасралтгүй 38 жил ажилласан бөгөөд одоо Монголын шүүгчдийн ахмадын холбооны тэргүүний хариуцлагатай албыг хашиж байна.

 

-Бидний урилгыг найрсгаар хүлээн авсан танд баярлалаа. Мөн Монголын шүүгчдийн ахмадын холбооны тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэе. 

 

-Баярлалаа

 

-Монголын шүүгчдийн ахмадын холбооны зорилго, үйл ажиллагааны чиглэл, ойрын үед хийж хэрэгжүүлэхээр бодож төлөвлөж байгаа ажлуудаас та манай уншигчдад танилцуулахгүй юу?

 

-Монголын шүүхийн ахмадуудын холбоо нь ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн, тэдний нийтлэг эрх, ашиг сонирхлыг төлөөлж, ахмад настны хууль тогтоомжийг шүүхийн захиргаанытөв, орон нутгийн байгууллагаас хэрэгжүүлэхэд зөвлөн туслах, ахмад настны хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нь дэмжих, нэгдмэл санал, санаачилга, зөвлөмж, эрэлт хүсэлтийг нь шүүхийн захиргааны байгууллагад уламжлан эргэх холбоог нь хангах үндсэн зорилго бүхий гишүүн ахмадуудаа үйлчлэх төрийн бус байгууллага юм. Тус холбоо шүүхийнхөгжлийн түүхэнд шинээр байгуулагдаж байгаа болохоор хөрөнгө санхүүгийн хийгээд бусад ямар ч нөөцгүй, бидний хувьд ч удирдан явуулах туршлага нимгэн байгааг нуугаад яахав. Гэвч олны итгэлийг хүлээсэн болохоор хийж бүтээх эрмэлзэлтэй байгаа. Шүүхийн байгууллагад өөрсдийн хөдөлмөр, мэдлэг оюунаа чилээн зүтгэж явсан алдар хүндтэй ахмадуудынхаа нийтлэг эрх ашгийг төлөөлж суугаа болохоор шүүхийн аль ч байгууллага, албан тушаалтнууд биднийг ажил хэргийг дэмжих нь тодорхой. Би ахмадуудынхаа тэнгэр заяа, тэнүүн сэтгэл, буян хишигт нь итгэдэг. Холбооны дүрмийн дагуу төв, орон нутаг дахь шүүхийн тамгын газар, хэлтсүүдийн дэргэд Ахмадын салбар зөвлөлүүд байгуулагдаж, тус тусын удирдах, зөвлөл, тэргүүнүүдээ сонголоо, Ахмадуудын анкет, бүртгэл судалгаа жигдэрч ахмадууд дүрэмд заасан бага хэмжээний татвараа ахмадын холбооны дансанд төвлөрүүлж эхэлж байна. Санхүүгийн нөөцгүйгээр ажил урагшлахгүй. Манай ахмадууд, ялангуяа шинэ тутам байгуулагдсан салбар зөвлөлийн тэргүүнүүд энэ талаар санаачилгатай ажиллах хэрэгтэй юм. Саяхан манай холбооны удирдах зөвлөлийн саналыг үндэслэн олон улсын ахмадуудын баярыг тохиолдуулан шүүх эрх мэдлийн салбарын шагнал олгогдож байгаагүй 80 –аас дээш насны нэр бүхий арван ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтандаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг” мөнгөн урамшуулал олгосон нь ахмадуудын идэвхи урмыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал санаачилга юм. Мэдээж ахмадын холбоо ямар ч идэвхгүйгээр шүүхийн захиргааны байгууллагаас зөвхөн мөнгө санхүүгийн дэмжлэг нэхээд суухгүй нь ойлгомжтой. Ийм ч учраас шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд ахмад, шүүгч ажилтны оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа хойч үедээ өвлүүлэх, сургалт зохион байгуулах, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шүүхийн эрх зүйг олон нийтэд сурталчлах ажлыг хамтран болон дангаар зохион байгуулах зорилгоор тус холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллах гэрээг байгуулаад байна. Гэрээгээ хэрэгжүүлэхийн тулд удирдах зөвлөлийн гишүүдийнхээ ажил үүргийн хуваарийг тодорхой болгож, тус холбооны үйл ажиллагааны чиглэлээр дэд хэсгүүд байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, Ахмад шүүгч, ажилтны сургалт, мэдээлэл хариуцсан дэд хэсэг, Эрүүл мэнд, амралт, уулзалт, аялал жуулчлал хариуцсан дэд хэсэг, Ахмадын хөгжил, хөдөлмөр эрхлэлт хариуцсан дэд хэсэг г.м. Хөрөнгө төсөв бүрдчихвэл шинэ оны эхнээс хэрэгжүүлж эхлэхээр бодож төлөвлөсөн олон ажил асуудал байгаа. 

 

-Та шүүх эрх мэдлийн байгууллагад тасралтгүй олон жил ажиллажээ. Одоогийн нөхцөл байдлаас харахад шүүх ер нь хэрхэн өөрчлөгдөж байна? (Шүүхийн ажиллах орчин нөхцөл, хууль тогтоомж, нийгмийн харилцааны шинэ сорилтууд г.м.)


-Тэртээх 38 жилийн өмнө миний Сүхбаатар аймагт хэсгийн ардын шүүхийн шүүгчээр сонгогдсон очсонтой харьцуулбал шүүхийн ажиллах орчин, хууль тогтоомж, нийгмийн харилцааны шинэ сорилтууд тэнгэр газар шиг ялгаатай болж өөрчлөгдсөн шүү дээ. 1992 онд ардчилсан Үндсэн хууль, 1993 онд Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар шүүхийн байгууллагад зохих шинэчлэлүүд явагдаж, 2012 оны Шүүхийн тухай багц хуулиудын дагуу шүүхэд шинэтгэл хийгдэж байна. Нийгмийн харилцааны хөгжлийн онцлогт тохирсон хууль тогтоомжууд олноор гарч шүүхийн шийдвэрлэх хэрэг маргааны төрөл, цар хэмжээ эрс нэмэгдэж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гол цөм болсон шүүгчдэд шинэ сорилууд тулгарч, улам өргөн мэдлэг, шинэ сэтгэлгээ, арга барил шаардагдаж байна.

 

-Шүүгч хүн мэргэн оюундаа сайн шийдвэр гаргах мэдлэг, чадвараас гадна шүүх хуралдааныг удирдан явуулах чадвар чухал байх. Шүүх хуралдааныг удирдана гэдэг нь таны бодлоор?


-Шүүх, шүүгчийн эрхэм зорилго нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэхэд бүхэлдээ чиглэх ёстой. Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд шүүн таслах ажиллагааны үе шатан дахь шүүгчийн бүх ажиллагаа чиглэгдэх ёстой. Тухайлбал, шүүгчээс хэргийн материалтай нэг бүрчлэн танилцаж, үйл баримтыг зөв ойлгон дүгнэх, нотлох баримтыг харьцуулан судалж, шалгах, зөв үнэлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангуулах, оролцогчидтой зөв зохистой харьцах, шүүх хуралдааныг удирдан явуулах, хуулийн үндэслэл бүхий сайн шийдвэр гаргах г.м. Шүүх хуралдааныг удирдана гэдэг нэг ёсны урлаг байх ёстой. Шүүгч шүүх хуралдаан удирдахыг нэг ёсны симфони хөгжмийн удирдаачтай зүйрлэмээр юм уу. Шүүх хуралдааныг бэлтгэх, эхлэх явцад танхимын, хуралдааны уур амьсгалыг мэдэрч байж л хуралдаан удирдах арга барилаа сонгох ёстой гэсэн үг шүү дээ. Шүүх хуралдааныг мэдлэгтэйгээр удирдаж, шуурхайявуулах нь шүүх, шүүгчийн нэр хүндэд асар үр нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, шүүгч хуралдааныг хэрхэн шуурхай удирдаж, тодруулах асуултыг хэрхэн оновчтой, товч тавьснаас шүүгч тухайн хэргийг хэрхэн өөрийн болгон ойлгосон бэ, хуулийг хэрхэн зөв хэрэглэж, шийдвэрийг хэрхэн үндэслэлтэй гаргах вэ гэсэн төсөөллийг шүүх хуралдааны оролцогч нарт төрүүлж, шүүх, шүүгчийг үнэлэх үнэлэмжийгүүсгэж эхэлдэг. Иймд шүүгч гэмт хэргийн ангилал, хэрэг маргааны шинж, ээдрээ төвөгтэй байдлаас шалтгаалахгүйгээр ямар ч шүүх хуралдааны бэлтгэлийг сайтар хангах нь чухал. Шүүх хуралдаанд нотлох баримтаас ямар зүйлийг шинжлэн судлах вэ, түүнээс ямар зүйлийг тодруулах вэ, оролцогчдод ямар асуулт тавьж, юуг тодруулах вэ гэдгээ урьдчилан тооцож, төлөвлөх хэрэгтэй. Чингэсэн тохиолдолд шүүх хуралдаан чирэгдэлгүй, шуурхай болж, оролцогчдын сэтгэл ханамж дээшилж, улмаар үндэслэл бүхий шударга шийдвэр гарахад нөлөөлнө. Шүүгч хуралдааныг удирдахдаа оролцогчдын тав тухыг ч давхар бодолцох ёстой. Шүүх хуралдааныг хэт сунжруулах, ижил агуулгатай асуулт давхардуулан тавих болон оролцогч, ялангуяа, өмгөөлөгч, прокуророос хэрэгт ач холбогдолгүй асуултуудтавих, өмнөх асуултыг анзаарахгүй, агуулгыг ойлгохгүйгээр давхардуулан асуухыг хориглож таслан зогсоож байх ёстой. Дээрх нөхцөл байдал хуралдаан дээр ажиглагдвал шүүх хуралдааныг удирдан явуулах үйл ажиллагаанд шүүгч ач холбогдол огт өгөөгүй, хайнга хандсан гэх нөхцөл байдалд хүргэж, бусдын итгэл алдагдахад хүрнэ. Хуралдаан эхэлсэн цагаас хаах хүртэл шүүгч өөр ямар ч зүйлд сэтгэлээ хоёрдуулахгүйгээр шүүх хуралдааныг удирдахад бүх анхаарлаа төвлөрүүлэх чадварыг эзэмших үүрэгтэй. 

 

-Шүүгч болгоны шүүх хуралдаан удирдах арга барил харилцан адилгүй байх. Таны хувьд ямар арга барилаар ажилладаг байсан бэ?

 

-Нэгэн үед шүүх хуралдааны хүмүүжүүлэх үр нөлөөг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор онц ноцтой, олны анхаарал татсан зарим хэргийг ихэнхдээ хэрэг үйлдсэн газар дээр нь, олны өмнө шийдвэрлэдэг байв. Энэ нөхцөлд тухайн сум, орон нутгийн удирдлагатай нь харьцаж шүүх хуралдааны бэлтгэлийг урьдчилан хангуулах, шүүх хуралдаан эхлэх болон үргэлжлэх, дуусгах цаг хугацаа, шүүх хуралдааны оролцогчдоос асуух асуулт, өөрийгөө болон бүрэлдэхүүнээ хэрхэн бэлтгэх зэргийг нарийвчлан тооцдог байв. Эрүү, иргэн, захиргааны аль ч хэрэг материалтай танилцах, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад тухайн хэргийг ямар хуульд нийцүүлэн хэрхэн шийдвэрлэх тухай төсөөлөл шүүгчид урьдчилан төрдөг. Түүнийг шүүхийн хэлэлцүүлгээр тодотгох, нягтлах, нотлох баримтыг үнэлэх асуудалд шүүх хуралдааны ажиллагаа бүхэлдээ чиглэгдэнэ. Шүүх хуралдааны оролцогчтой аль болох тэгш, найрсаг харилцах, асуулт, хариултыг ялгаваргүй явуулах, ялангуяа шийдвэр сөрөг гарахаар талд нь хуулийн заалтыг ойлгуулах, гэм буруу, нотлох баримтын шинж чанарын талаар зөв ойлголт өгөх нь чухал байдаг. Мөн хэргийн үйл баримт, маргааны шинж байдал, хууль хэрэглээний талаарх ойлголтоо бататгахад чиглэсэн асуултуудыг тухайн талд шүүгч зориуд тавьснаар шүүхийн шийдвэр аль нэг талд сөрөг гарлаа ч тэднээс гомдол гаргах нь ховор байдаг. Мөн шүүхээс хэрэглэх хуулийн заалт, түүний агуулгын талаар сөргөлдөгч талууд нэгдмэл ойлголтой эсэхийг тэншиж, ойлголтын зөрөөг нь ойртуулах, нэгтгэхэд чиглэсэн асуултууд тавих нь ач холбогдолтой.

 

-Таныг ажиллаж байхад олны анхаарал татсан дуулиант хэргүүд олон шийдэгдэж байсан байх. Ийм хэргийг шийдвэрлэх үед шүүгч хүн хэрхэн орчны болон нийгмийн элдэв нөлөөнөөс ангид байж, хараат бус байдлаа хадгалах вэ?


-Шүүгч анхнаасаа төвийг сахих байр сууриа хадгалаад, хэргийн аль нэг талд давуу байдал олголгүйгээр шийдвэрээ үндэслэлтэй гаргаад эхлэх юм бол бусдын нөлөөлөлд өртөх магадлал бага, ерөнхийдөө хүмүүс жийрхээд байх шиг байдаг. Тэр нь ч надад амар санагддаг. Ер нь алив хэрэг маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлээд , шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг ягштал мөрдөөд явбал орчны болон нийгмийн элдэв нөлөөллөөс ангид байж чадна. 

 

-Ер нь ээдрээ төвөгтэй шүүх хуралдаан их сунжрах, оролцогчдын анхаарал сулрах хандлагатай байдаг. Ийм үед хэрхэн шүүх хуралдааныг үр нөлөөтэй удирдах нь зүйтэй вэ?


-Би дээр ярьсан. Энэ нь тухайн шүүх хуралдааныг шүүгч хэрхэн урьдчилан бэлтгэснээс хамаарна. Шүүгч хэргийн материалыг уйгагүй, сайтар судалж, өөрийн болгож хуралдаанаа шуурхай явуулах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Шүүгч хэргээ өөрийн болгож чадаагүй л бол оролцогчдоос ач холбогдолгүй асуулт тавих, шаардлагагүй нотлох баримтыг шинжлэн судлуулах зэргийг таслан зогсоож чадахгүй шүү дээ. Үлгэрлэвэл шүүгч энэ асуудалд "долоо хэмжиж нэг огтол” гэдэг зарчмаар л хандах ёстой.

 

-Та эрүү, иргэний аль аль хэргийг шийдвэрлэж байсан арвин туршлагатай. Сүүлийн жилүүдэд шүүхийн шинэтгэлээр шүүхүүдийг дагнуулан мэргэшүүлж байгаа. Ер нь дагнасан шүүхийн ач холбогдлыг та хэрхэн дүгнэдэг вэ?


-Шүүгчдийг эрүү, иргэний болон захиргааны хэргийн төрлөөр дагнуулан мэргэшүүлж ажиллуулж байгаа нь шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий, зөв гарахад ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил өөрчлөлтийг дагаад шүүхээр шийдвэрлэх хэрэг маргааны тоо, хэмжээ, маргааны шинж, цар хүрээ эрс нэмэгдэж өөрчлөгдөж ирлээ. Ийм нөхцөлд шүүгчдийг хэргийн төрлөөр дагнуулан мэргэшүүлэхээс өөр аргагүй. Эмчтэй зүйрлэвэл дотрын эмчээр хүний шүд эмчлүүлбэл мэдээж эерэг үр дүн гарахгүй, тэгвэл эрүүгийн хэргийн шүүгчийг иргэний хэргийн шүүгчээр ажиллуулбал шүүхийн шийдвэрийн хууль ёсны үндэслэлд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Хүн ам хэт төвлөрсөн нийслэл, дүүрэгт хэрэг маргааны цар хүрээ нэмэгдэж, шинж чанар нь улам нарийн төвөгтэй болж байна. Шүүгчдийн орон тоо ачааллаа гүйцэхгүй байна. Шүүгчдийн ачаалал хэт нэмэгдэх нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд сөргөөр нөлөөлнө. Ачаалалдаа дарагдсан шүүгч хэргийн материалыг бүрэн судалж, үндэслэлтэй шийдвэр гаргаж чадахгүйд хүрнэ. Эрүүл мэнд, ажил хэргийн буюу ачаалал даах чадварт нь ямар нэг хэмжээгээр шууд нөлөөлнө. Шүүхийн ерөнхий зөвлөлийг ажиглаад байхад батлагдсан орон тооныхоо дагуу шүүгчээ ажиллуулах нь байтугай, орон гарсан шүүгчдээ шуурхай томилуулж чадахгүй нөхцөл байдал харагдах юм. Энэ нөхцөлд үлдэж ажилласан хэдэн шүүгчид нь эрүүл мэнд, чөлөөт цаг, бусад байдлаараа хохирно гэдгийг хаана хаанаа бодолцож асуудалд хандах нь чухал.

 

-Манай сэтгүүлийг шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульчдаас гадна хууль зүйн сургуулийн оюутнууд их шимтэн уншдаг юм. Ирээдүйд шүүгч болж, шударга ёсыг манах их зорилгыг өмнөө тавьсан залууст шүүгчээр ажиллахын тулд ямар мэдлэг чадвар, зан төлөвийг бүрдүүлэх ёстой талаар зөвлөхгүй юу?

 

-Өнөө үед шүүгч болоход эрх зүйч мэргэжилтэй байх, мэргэжлээрээ ажиллах, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэх зэрэг шалгуур тавигдах боловч хамгийн чухал шалгуур нь зан харьцаа, багаар ажиллах чадвар. Бусдад хүндэтгэлтэй хандах, туйлшрахгүй, төвийг сахих, ачаалал даах тэсвэр хатуужилтай, алив үйл баримтад зөв дүгнэлт хийх, бичих боловсруулах чадвар эзэмших, ёс зүйн хувьд зөв төлөвшсөн байх нь нэн чухал. Нэгэнт тухайн мэргэжлийг сонгосон бол мэргэжилдээ хүндэтгэлтэй хандаж, тогтвортой, тууштай ажиллах хэрэгтэй. Сайн шүүгч болох урьдчилсан нөхцөл нь алив үйл баримт, эрх зүйн тохиолдлыг зөв тогтоон дүгнэх, хууль зөв хэрэглэх, шийдвэрийн үндэслэлээ зөв илэрхийлэх, өөрөөр хэлбэл, бичих боловсруулах чадварыг сайтар эзэмшихэд оршино. Мөн нэмээд хэлэхэд хувь хүн талаасаа шүүгч хүн энэрэнгүй, уян хатан байх ёстой. Өөрөөр хэлбэл, бурууд хатуу, зөвд зөөлөн байхаар бие, сэтгэл зүй, мэдлэг, оюунаа бэлдсэн байх учиртай юм. Шүүгчийн ажил өндөр хариуцлагын дор нөр их ачаалалтай, цаг наргүй байдаг онцлогтой. Ийм нөхцөлд хувийн зохион байгуулалтын өндөр түвшинд ажиллах шаардлага гардаг юм. Ажиглаад байхад их, дээд сургуулиуд онол талаа голлоод, практик талын хичээл, дадлага хомс байлгаснаас чанартай хуульч гарч чадахгүй байх шиг. Энэ нь их дээд сургуулийн төгсөх оюутныг авто машины жолоочтой зүйрлэвэл түүнийг өмнө байгаа саадыг дайрчихааргүй хэмжээний дадлага эзэмшүүлээд бусад дадлагыг машин жолоодох явцдаа өөрсдөө практикаар олж ав гэсэнтэй адил. Тэгвэл шүүгч болох хүн эзэмшвэл зохих, мэдлэг чадварынхаа дөнгөж 20 хувийг их, дээд сургуулиас олж, үлдэх хэсгийг практикт ажиллаж байж олж авдаг гэж хэлэхэд буруудахгүй болов уу.

 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

 

-Баярлалаа


 Эх сурвалж: "Шүүх эрх мэдэл" сэтгүүл


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 222   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Зургаадугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930