Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-03-2019, 04:13   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Б.Билгүүн: Шүүгчид нэр дэвшигчидтэй холбоотой гурван мэдээлэл ирсэн


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны хоёрдугаар сарын 2-ны 13 дугаар зарлигаар "Шүүгч сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталснаас хойш өдгөө хоёр дахь жилдээ шүүгч сонгон шалгаруулах ажиллагаа ШЕЗ-өөс зохион байгуулж байна. Бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулахад ямар өөрчлөлт гарсан болон бусад асуудлаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүнтэй ярилцлаа.

 

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Шүүгч сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Журмыг шинэчилснээр шүүгчийн сул орон тоог нөхөх хугацаа богиносож байна уу. Хэн нэгэн нөлөөлж дүнд өөрчлөлт оруулж байгаа юм биш биз гэсэн хардлага байдаг шүү дээ. Үүнд ямар хариулт өгөх вэ?


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны хоёрдугаар сарын 2-ны 13 дугаар зарлигаар "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ журмын дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулах юм. Ингэснээр анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн нөөцийг бүрдүүлэх, сул орон тоо зарласан тухай бүрд нөөцөөс уг сул орон тоог богино хугацаанд нөхөх боломж бүрдсэн. Шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласнаас хойш нэг сарын дотор уг сул орон тоог нөхөх боломж бүрдсэн гэж үзэж болно. Шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэхээс эхлээд Мэргэшлийн хорооны нэгдсэн дүн гарах хүртэлх ажиллагааг "Шүүгчийн сонгон шалгаруулалтын систем”-ээр бид явуулж байна. Ингэснээр шүүгч сонгон шалгаруулах ажиллагаа аливаа хүний нөлөөнөөс ангид, шалгалтын ажиллагаа субьектив нөлөөлөлгүй байх нөхцөл бүрдсэн. Мөн Мэргэшлийн хорооны гишүүд шалгалт тус бүрд үнэлгээ өгч, нэгдсэн дүн гаргахдаа чухам хэн гэдэг нэр дэвшигчийн материалд ямар үнэлгээ өгч байгаагаа урьдчилан мэдэх боломжгүй. Тэгэхээр шүүгчийг сонгон шалгаруулах шалгалтад ямар нэг байдлаар нөлөөлөх боломжгүй, хараат бусаар шалгалтын ажиллагаа явагддаг.


-Журам шинэчлэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилт нь ямар байгаа гэж дүгнэх вэ?


-"Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ыг өнөөг хүртэл нийт дөрвөн удаа өөрчлөн шинэчилж, сонгон шалгаруулалтын хэлбэр, арга ажиллагаа улам нарийсан, шалгуур үзүүлэлтүүд өндөрссөн. Тус журмаар шалгалтын төрлийг нэмж, хуульчийн болон шүүгчийн ёс зүйн мэдлэг, шүүгчээр ажиллах ёс зүй, зан төлөвийг гурван үеийн намтар судлах, асуулга, ярилцлага хийх хэлбэрээр шалгаж, үнэлгээ өгдөг болсон. Намтар судлах шалгалт нь шүүгчид нэр дэвшигч нь ямар намтар, түүхтэй, төрөл төрөгсөд, найз нөхөд, ойрын хүрээлэлдээ хэр нэр хүндтэй, ямар гэр бүлд өсөж, төлөвшсөн зэрэг хувь хүнийх нь талаар дүгнэж, тухайн нэр дэвшигч нь шүүгчээр ажиллах зан төлөв, ёс зүйн хувьд шаардлага хангаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, тухайн хүний хувийн байдлыг тодруулах зорилгыг агуулдаг. Журмыг шинэчилснээс хойш Шүүхийн мэргэшлийн хороо гурван удаа сонгон шалгаруулалтын шалгалтыг амжилттай зохион байгуулсан. Мөн тус журмын бас нэг давуу тал нь нэр дэвшигчид шүүгчээр томилогдохоос өмнө шүүгчийн бэлтгэл сургалтад хамрагддаг болсон явдал. Ингэснээр нэр дэвшигчид шүүхийн үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөний удирдлага, хэргийн хөдөлгөөний удирдлагын нэгдсэн системийн ажиллагаа зэргийг урьдчилан эзэмшиж, шүүгчээр ажиллахад өөрт хэрэгтэй мэдээлэл, ур чадварыг эзэмших давуу талтай болсон. Уг журмын дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулдаг болсон талаар өмнө дурдсан. Энэ хүрээнд ШЕЗ-ийн даргын 2018 оны 183 дугаар тушаалаар анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаж энэ оны хоёрдугаар сарын 18-аас гуравдугаар сарын 22 хүртэлх хугацаанд зохион байгуулахаар хуваарь гарган ажиллаж байна. Дээрх сонгон шалгаруулалт өнгөрсөн сарын 18-аас нэр дэвшигчдийн намтар судлах шалгалтаар эхэлсэн. Мөн энэ хугацаанд ШЕЗ-ийн даргын 182 дугаар тушаалаар зарласан зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан шалгалтыг нэгтгэн зохион байгуулж байна.


-Нэр дэвшигчээс материал хүлээн авах болон бүртгэлийн хугацаа дууссан уу, хэдэн нэр дэвшигч бүртгүүлсэн бэ?


-ШЕЗ-ийн даргын 182, 183 дугаар тушаалаар зарласан сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацаа дууссан. Нийт 58 нэр дэвшигч шалгалтад оролцохоор болоод байна. Харин ШЕЗ-ийн даргын 2019 оны 15 дугаар тушаалаар зарласан, зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд 2019 оны гуравдугаар сарын 05-ны 17.00 цагт нэр дэвшигчдийн материал хүлээн авах ажиллагааг хаах юм. Иймээс хуульд заасан болзол, шаардлага хангасан хуульчид энэ хугацаанд өөрийн материалыг цахимаар болон цаасан хэлбэрээр ирүүлэх боломжтой.

 

-Энэ удаа хэдэн шүүгчийн сул орон тоо байгаа бол?


-Ерөнхий шүүгчийн 38 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, 24 орон тоонд 28 нэр дэвшигч шалгалтад оролцохоор бүртгүүлсэн.


-Нэр дэвшигчээс хэзээ шалгалт авах вэ?


-Шалгалт гуравдугаар сарын 22 хүртэл үргэлжилж, Шүүхийн мэргэшлийн хороо гуравдугаар сарын 25-ны дотор нэгдсэн үнэлгээг гаргаж, ШЕЗ-д хүргүүлэх хуваарь гарсан байгаа. ШЕЗ-ийн цахим хуудаснаас болон холбогдох бусад мэдээллийн эх сурвалжаас хуваарийг харах боломжтой.


-Шүүгчид нэр дэвшигчдийн талаар иргэдээс санал авах тухай нийтэд мэдээлж байгаа. Үүний дагуу иргэдээс хэчнээн санал ирэв?

 

-Нэр дэвшигчдийн талаар санал авах ажиллагаа эцсийн байдлаар дуусаагүй. 2019 оны гуравдугаар сарын 04-нийг хүртэл шүүгчид нэр дэвшигчдийн талаарх саналыг ШЕЗ-ийн байранд авч, түүний дараа нэгтгэнэ. Одоогоор нэр дэвшигчдийн талаар гурван мэдээлэл манайд иржээ.


-Ирж байгаа саналуудыг хэрхэн судалж шийдвэрлэдэг нь сонин байна л даа.


-Нэр дэвшигчийн талаар олон нийтээс ирүүлсэн мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба нягтлан шалгаад, бодитой санал, дүгнэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд танилцуулах юм. Тиймээс иргэд, олон нийтээс мэдээлэл хүлээн авах хугацаанд өгсөн мэдээлэл нь тухайн нэр дэвшигчийн шалгалтын үнэлгээнд нөлөөлөх учир иргэд олон нийт тус ажиллагаанд идэвхтэй оролцож, үнэн зөв, бодит мэдээллийг ирүүлэх эрх нь нээлттэй.


-Энэ иргэдээс ирж байгаа санал шүүгчид нэр дэвшигчийн оноонд хэрхэн нөлөөлнө гэж?


-Шинэчлэн баталсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шүүгчийн шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлалыг Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулахаар журамласан. Үүний дагуу ШЕЗ-ийн 2018 оны 16 дугаар тогтоолоор аргачлалыг нь баталсан байдаг. Аргачлалд заасанчлан Мэргэшлийн хороо олон нийтээс мэдээлэл хүлээн авч, хоёр хүртэл оноогоор дүгнэх юм. Энэ нь нэр дэвшигчийн намтар судлах шалгалтын нэг гол шалгуур үзүүлэлт болдог.


-Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа нэр дэвшигчдийн мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил зарласан байсан. Тэгэхээр нэр дэвшигчийн талаар хэн ч мэдээлэл өгөх эрхтэй гэсэн үг үү?


-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.6 дахь хэсэгт "Нэр дэвшигчийн талаар олон нийтээс хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, бодитой санал дүгнэлт гарган, ШЕЗ-ийн гишүүдэд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба танилцуулна”гэж заасан. Энэ хүрээнд нийт нэр дэвшигчдийн талаар олон нийтээс мэдээлэл авч байна. Гэхдээ нэр дэвшигчдийн талаар мэдээлэл ирүүлэхдээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан байх ёстойг мэдээлэл ирүүлж байгаа иргэд анхаарах нь зүйтэй. Жишээ нь өөрийн овог, нэр, холбогдох утасны дугаар зэргийг тодорхой бичсэн байх шаардлагатай. Энэ нь эргээд тухайн нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан асууж лавлах, мэдээллийн үнэн бодит байдлыг тодруулахад ач холбогдолтой. Бид олон нийтээс мэдээлэл хүлээн авах тухай зарыг өөрийн цахим хуудас болон хамтран ажилладаг мэдээллийн хэрэгслээр дамжуулан тогтмол мэдээлж байгаа. Мөн олон нийтээс мэдээлэл хүлээн авах ажиллагааг нээлттэй, олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлэх үүднээс бүх л мэдээллийн хэрэгслээр түгээж байна.


-Суурь шалгалтыг хэзээ, хэрхэн зохион байгуулах вэ?


-Анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшиж, бүртгүүлсэн хуульчид суурь шалгалтад оролцоно. Ингэхдээ Үндсэн хуулийн 51.3 дахь хэсэгт заасан болзол шаардлага болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангасан байх ёстой. Харин Ерөнхий шүүгч болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь суурь шалгалтад оролцохгүй зөвхөн тусгай шалгалтад оролцох журамтай.


-Хуульчдын холбоо шүүгчид нэр дэвшигчийн талаар дүгнэлт гаргаад байдаг шүү дээ. Хэдийд нь дүгнэлт гаргадаг юм бол?


-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.2 дахь хэсэгт зааснаар Хуульчдын холбоо нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргаж ШЕЗ-д хүргүүлэхээр хуульчилсан. Харин уг дүгнэлтийг гаргаж, хүргүүлэх хугацааг "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-аар зохицуулсан. Тус журмын 7.2-т "Хуульчдын холбоо нэрийн жагсаалт хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор дүгнэлт гаргаж, хүргүүлэх”-ээр журамласан. Тэгэхээр Монголын Хуульчдын холбооны дүгнэлт гаргаж, ирүүлэх хугацаа нь 15 хоног байна.


-Жилд хоёр удаа суурь шалгалтыг зохион байгуулна гэсэн. Тэгэхээр нэг удаагийн шалгалтад олон хүн оролцох магадлалтай. Шалгалтын бэлтгэл хангалттай юу?


-Шалгалтад бүртгүүлэх нь хуульд заасан болзол шаардлага хангасан хуульч нэг бүрд бүгдэд нь нээлттэй юм. Тэгэхээр хуульд заасан шаардлага хангасан хэдэн ч нэр дэвшигч бүртгүүлсэн бид шалгалтын ажиллагааг зохион байгуулах үүргийг хуулиар хүлээсэн.

 

 


Г.ЦОЛМОН 

 

Эх сурвалж: "Өдрийн" сонин 2019 оны 03 сарын 01-ний №41 В3 нүү

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 62   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Тавдугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031