ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан профессор Кан Гү Чолыг хүлээн авч уулзлаа


2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Солонгосын Эрх зүйн сургалтын төвийн профессор Кан Гү Чолыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өнгөрөгч онд Солонгосын Хууль Зүйн Яамны тусламжтайгаар гэр бүлийн маргаанаар дагнасан шүүгчдийн сургалт амжилттай зохион байгуулагдсаныг дурдаад, цаашид тус сургалтыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн БНСУ-ын Шүүхийн захиргааны байгууллага, Хууль Зүйн Яам болон Солонгосын Бодлого Төлөвлөлтийн Хүрээлэн зэрэг хууль, эрх зүйн байгууллагуудтай хамтран ажиллахад Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөл бэлэн байгааг энэ дашрамд онцолсон юм. БНСУ-ын Тангарагтны Шүүх болон Солонгосын Цахим Шүүхийн талаар судлах, нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Профессор Кан Гү Чол хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Гэр бүлийн маргааны талаархи сургалт болон бусад холбогдох чиглэлээр ШЕЗ-ийг БНСУ-ын хууль, эрх зүйн байгууллагуудтай хамтран ажиллахад боломжтой талаар ажил хэрэгч, элэгсэг яриа өрнүүллээ.

Түүнчлэн ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнг Солонгосын Эрх зүйн сургалтын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Төгсгөлд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан профессор Кан Гү Чолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн БНСУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч болж, хоёр орны шүүх эрх мэдлийн салбар дахь хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг санал болгосноор уулзалт өндөрлөлөө.

 

  

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс

 


САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.