Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-03-2015, 09:57   Хэсэг: Өмнөх оны мэдээ тайлан   Сэтгэгдэл: 0  

СУМ ДУНДЫН 13 ДУГААР ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2014 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН


2014.12.03Тосонцэнгэл сум

Сум дундын 13 дугаар шүүхийн тамгын газар нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс шүүхийн хэмжээнд дэвшүүлсэн зорилго, зорилтыг тус шүүхдээ хэрэгжүүлж, шинээр гарч буй холбогдох дүрэм, журмуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг ханган ажиллаж байна.

 

Нэг: Шүүхийн захиргаа удирдлага, дотоод зохион байгуулалтын

арга хэмжээний талаар

Сум дундын 13 дугаар шүүх 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын зөвлөгөөнөөр шүүхийн хөдөлмөрийн дотоод журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинээр баталсан дүрэм, журам, зааварт нийцүүлэн боловсруулж баталсан. Мөн шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан тамгын газрын даргын тушаалаар баталж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна.

Төрийн захиргааны албан хаагчидтай үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2014 оны хагас, бүтэн жилийн тайлангийн хурлаар үр дүнг хэлэлцэн ажиллалаа.

Shuukh.mn хаягаар ирж буй албан бичигт өдөр бүр хяналт тавьж хугацаатай бичгийг хугацаанд нь холбогдох газруудад хүргүүлж ажилласан.

Тус шүүхээс зохион байгуулж буй аливаа арга хэмжээг зохион байгуулалтаар хангаж тухай бүр нь шүүхийн захиргааны ажилтнуудын ажил үүргийг хуваарьлан ажиллаа.

Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар архивын дэргэдэх "Баримт бичиг нягтлан шалгах комисс”-ыг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан үйл ажиллагааг нь зохион байгуулалтын удирдлагаар ханган ажиллаж байна. Мөн "Байгууллагын архивын гэрчилгээ олгох журам”-ын дагуу зохих бэлтгэлийг ханган 253 дугаар бүхий архивын гэрчилгээ авсан.

Шүүхээс 2014 оны 01 дүгээр улиралд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар, сум дундын цагдаагийн хэлтэс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг болон өмгөөлөгч нарыг оролцуулан нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүн таслах ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлын талаар хэлэлцсэн.

Шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, практик судлахад шаардлагатай мэдээлэл, эрх зүйн акт, холбогдох судалгаагаар хангах төрөлжсөн гарын авлагатай болох зорилгоор шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны ажилтан нарын дунд гарын авлага бэлтгэх уралдаан зарлаж тус уралдаанд шүүгчийн туслах Б.Болортуяагийн "Гэрлэлт цуцлах болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай маргааны талаар бэлтгэсэн гарын авлага 1 дүгээр байр, мэдээлэл лавлагааны ажилтан С.Дуламсүрэнгийн "Ажлаас үндэслэлгүй халагдах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай маргааны талаар бэлтгэсэн гарын авлага 2 дугаар байрт тус тус шалгарлаа.

Тус шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороог хамт олны хурлаар хэлэлцүүлэн 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Ёс зүйн хорооны даргаар тус шүүхийн шүүгчийн туслах Б.Болортуяа, нарийн бичгийн даргаар мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баттулга, гишүүнээр нягтлан бодогч Г.Баатармаа нар томилогдлоо.

Тус шүүхээс гарах 2014 оны статистик тоо мэдээ, тайланг тогтоосон хугацаанд нь тухай бүр гаргаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд хүргүүллээ.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан 20 иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийн сан бүрдүүллээ. Мэдээллийн санд бүртгэгдсэн иргэдийн төлөөлөгчийг Цагдаагийн ерөнхий газрын дүн шинжилгээ мэдээллийн төвөөс ял шийтгүүлж байгаагүй тухай лавлагаа авсан бөгөөд уг иргэдийн төлөөлөгч нараас ял шийтгэгдэж байсан хүн байхгүй байна.

5 дугаар тойргийн тахарын албаны Тосонцэнгэл сум дахь тахарын хэсэгтэй хамтран "Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах” болон "Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах, хамгаалах” чиглэлээр шүүгч нарт зориулсан сургалтыг зохион байгуулсан. Мөн тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулж аюулгүй ажиллгааны талаар, шүүхийн байранд, шүүх хуралдааны үеэр болон бусад хамгаалалт шаардлагатай онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар сургалтыг зохион байгуулсан. Мөн 5 дугаар тойргийн тахарын албаны Тосонцэнгэл сум дахь тахарын хэсгийн хамгаалалтад хамаарах сум дундын 13 дугаар шүүхийн хамгаалалтын бүс болон шүүхийн хамгаалалтын бүс дэх барилга байгууламж, эд зүйлсийн жагсаалтыг гарган хүргүүлсэн.

Шүүхийн аюулгүй байдал, ажиллах нөхцөлийг хангах үүднээс галын багаж хэрэгсэлийг авч холбогдох газруудад байршуулсан ба өрөө бүрийг лацтай болгож Тахарын хэсгийн харуул хуягаар ажилдаа ирэх, явах бүрд лацаар хүлээлцэн ажиллаж байна. Мөн шүүхийн аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах үүднээс "Шүүхийн галчийн ажиллах журам”-ыг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд Тосонцэнгэл сум дахь аврах гал унтраах 39 дүгээр ангитай хамртан онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах болон галын аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа.

2014 оны 10 дугаар сард тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт эмчийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа.

"Эрүүл, ногоон орчин” аяны хүрээнд шүүхийн эзэмшлийн талбайд мод тарих, цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөгөө гарган 48 м2 талбайд зүлэг тарьж, дугуй хэлбэртэй цэцгийн мандал 1, дөрвөлжин хэлбэртэй цэцгийн мандал 2 ширхэгийг тус тус хийж байгалийн болон үрсэлгээний цэцэг тарьсан. Мөн 60 ширхэг голт бор, 110 ширхэг хайлаас, 60 ширхэг монос мод суулгасан.

Байгууллагынхаа ажилтнуудын дунд тасалгааны цэцэг тарих уралдаан зарласан бөгөөд 1 дүгээр байранд бичиг хүргэгч П.Нямсүрэн нь 15 төрлийн 24 цэцэг тарьж,

2 дугаар байранд мэдээлэл лавлагааны ажилтан С.Дуламсүрэн нь 12 төрлийн 23 цэцэг тарьж,

3 дугаар байранд шүүгч Ж.Отгонхишиг, эвлэрүүлэн зуучлагч Р.Сарантуяа, үйлчлэгч Д.Даваажаргал нар тус тус шалгарлаа. Мөн байгууллагын гадна талбайд тамхины хяналтын тухай хуульд заасан шаардлага хангасан тамхины цэг барьсан.

 

Хоёр: Шүүхийн тухай багц хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан дүрэм, журам, загварыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

Шинээр батлагдсан дүрэм журмуудтай холбоотой шүүгчийн туслах Б.Болортуяа Шүүгчийн ёс зүйн дүрэм, Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам, Шүүхийн тамгын газрын ажлын үр дүнг үнэлж, дүгнэх журам, шүүгчийн туслах Г.Баттулгаэд мөрийн баримт болон барьцааны мөнгө үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх журам, Шүүхийн нууцын тухай журам, шүүгчийн туслах Н.Энхцэцэг Шүүхэд албан хэрэг хөтлөх журам, Хэргийн индексийн журам, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн нууцын тухай журам, Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм, шүүгчийн туслах Э.Нарангэрэл Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам, Шүүгчид чөлөө олгох журам, мэдээлэл лавлагааны ажилтан С.Дуламсүрэн Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам /шинэчлэгдэн батлагдсан/, Автомашин хэрэглэх журам, Шүүгч ажилтанд албан томилолт олгох журам, Орон сууцны дэмжлэг үзүүлэх зэрэг журмуудаар тус тус шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгуулсан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар 12 жилийн дунд сургуулийн ахлах ангийн сурагч нар болон, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан нарын дунд Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шилжин явах цом бүхий "Үндсэн хууль ба Шүүхийн шинэчлэл” сэдвийн хүрээнд "Дэвжээ” тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээнийг тус шүүхээс жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон бөгөөд тэмцээнд нийт 5 багийн 30 сурагч оролцсон ба Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн "Хуулийн мөрдөгч” баг 1 дүгээр байр, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн "Ирээдүйн эзэд” баг 2 дугаар байр, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн "Монгол туургатан” баг 3 дугаар байр тус тус эзэлсэн.

 

Гурав: Шүүн таслах ажиллагааны бэлтгэл, зохион байгуулалтыг хэвийн явуулах, хэргийн хөдөлгөөний удирдлагын арга хэмжээний талаар

Шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах бэлтгэл ажлыг зохион байгуулж биелэлтэд нь тухай бүр хяналт тавин ажиллаж байна. Мөн шүүх хуралдааны дуу, дүрс бичлэгийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг мэдээлэл технолгийн мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар бүрэн хангаж шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж, архивлан ажиллаж байна.

Хэргийн хөдөлгөөний менежментийг өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон Иргэн-1, Judge2005 программд хэргийн хөдөлгөөний хяналтыг байнга тавьж тухай бүр нь үүрэг даалгавар өгч ажиллаж байна.

Тус шүүхэд шүүн таслах ажиллагаа тасралтгүй хэвийн явагдаж байгаа бөгөөд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон шүүхийн тамгын газрын зохион байгуулалтаас болж шүүх хуралдаан хойшилсон, шүүн таслах ажиллагаа тохиолдол гараагүй.

Дөрөв. Шүүхийн хүний нөөцийн удирдлага, хөгжлийг хангах арга хэмжээ:

Шүүхийн хүний нөөцтэй холбоотой тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтны хувийн хэрэгт тухай бүр баяжилт хийж, шүүхийн хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнийг программд тухай бүр оруулж ажиллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан орон тооны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд шинээр нэмэгдсэн орон тоонд Завхан аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд албан тоот хүргүүлж шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл технологийн мэргэжилтний орон тоонд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын захиалга 2 удаа өгч төрийн албаны мэргэшлийн шалгалт явагдсан ба Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 74, 143 дугаар тогтоолын дагуу өрсөлдсөн албан тушаалд томиллоо.

Шүүхийн хүний нөөцийн системийн программд тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын мэдээлэл, байгууллагын мэдээлэл, эд хөрөнгийн мэдээлэл зэргийг тухай бүр нь оруулсан.

Тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан С.Дуламсүрэнд төрийн захиргааны зэрэг дэв олгуулахаар танилцуулга, материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн. Мөн тус шүүхийн бичиг хүргэгч П.Нямсүрэнг "Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулах тухай хүсэлтийг хамт олны хурлаар хэлэлцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжиллаа.

Тус шүүхэд 2014 онд хийгдсэн шилжилт хөдөлгөөнөөс шүүгчийн туслах З.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Бүрэнбаяр нар нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд шүүгчийн туслахын албан тушаалд тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхцэцэгийг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Булгантамир нарыг тус тус томилсон. Шүүгчийн туслахаар ажиллаж байсан Р.Сарантуяа нь тус шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчаар томилогдсон. Мөн тус шүүхийн бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой жижүүр Л.Очирбат, Л.Дэмидбалдан, Л.Цэрэннадмид, Н.Даваасамбуу нар нь ажлаас чөлөөлөгдсөн болно.

2014 онд тамгын газрын даргын тушаалаар шүүгчийн туслах Э.Нарангэрэлд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 15 хувиар бууруулах, шүүгчийн туслах Г.Баттулгад сануулах, галч З.Отгондоржид албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 15 хувиар бууруулах зэрэг сахилгын шийтгэл ногдуулсан байна. Мөн тамгын газрын даргын тушаалаар шүүгчид 2 удаа, шүүхийн захиргааны ажилтанд 7 удаа тус тус чөлөө олгосон байна.

 

Тав: Шүүхийн эдийн засаг, санхүүгийн хараат бус байдлыг

бэхжүүлэх арга хэмжээний талаар

Нягтлан бодох бүртгэлийн тооцоо, бүртгэлийг стандартын дагуу мөрдөн ажиллаж сар бүрийн мэдээ болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг хугацаанд нь хүргүүлсэн.

Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газарт тус шүүхийн үйл ажиллагаагаа явуулж байсан хуучин байрыг 4 айл амьдрах зориулалтаар засварлах төсвийн төсөл болон шүүхийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах үүднээс шүүхэд гүний худаг гаргуулах шаардлагатай талаарх хүсэлтээ тус тус уламжилсан.

Шүүхийн цахим хуудсанд "Шилэн данс” булан нээж төсөв, санхүүгийн ил тод байдлыг ханган тус шүүхийн 2014 оны төсвийн багц /тодотгол/, сар бүрийн санхүүгийн мэдээ зэргийг байршуулан ажиллаж байна.

Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар тушаалаар тус шүүхийн эд хөрөнгө хамгаалах комиссыг шинэчлэн байгуулж байгууллагын үндсэн хөрөнгийг 2013 он болон 2014 оны хагас, бүтэн жилийн байдлаар тооллого хийж шүүхийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж байна.

 

Зургаа: Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах

арга хэмжээний талаар

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод байлгах үүднээс шүүхийн цахим хуудсыг тогтмол ажиллуулж, шинэ мэдээ мэдээллээр шинэчлэн Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс хэрэгжүүлж буй ажил, тус шүүхийн хийсэн ажил болон хийхээр төлөвлөж буй ажил зэргээ тогтмол мэдээлж байна.

2014 оны 1 дүгээр улиралд тойргийн сумын иргэдээс шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн санал асуулга авсан бөгөөд нийт 250 иргэн оролцсон бөгөөд иргэдийн саналд тулгуурлан шүүхийн үйл ажиллагааг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх талаар чиглэсэн ажлыг зохион байгуулж байна.

2014 оны 1, 3 дугаар улиралд тойргийн бүх сумуудаар нүүдэллэн ажиллаж шүүхийн тухай багц хууль болон шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг хүргэсэн бөгөөд сумуудын нээлттэй танхимд "Сум дундын 13 дугаар шүүх” мэдээллийн самбарыг байрлуулан цаашид сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нартай хамтран шүүхийн самбарын мэдээллийг тухай бүрт нь шинэчлэн ажиллахаар зөвшилцөн мэдээллийг хүргүүлж тогтмол шинэчлэн ажиллаж байна.

2014оны 5 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын урд талбайд "Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгуулж, Завхан аймгийн Прокурорын газраас 2014 оны 5 дугаар сард Түдэвтэй, Нөмрөг сумудад зохион байгуулсан хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож шүүхийн үйл ажиллагааны талаар сурталчиллаа. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан "Төрийн үйлчилгээ малчны хотонд” үйл ажиллагаанд оролцож тус сумын 7 багийн ард иргэдэд Шүүхийн шинэчлэл, тус шүүхийн үйл ажиллагаа болон эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл өгсөн байна.

Шүүгч Б.Ихтамир болон шүүгчийн туслах, мэдээлэл лавлаагааны ажилтан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар тус сумын Ерөнхий боловсролын 1, 2 дугаар дунд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд шүүхийн шинэчлэл, тус шүүхийн үйл ажиллагааны талаар болон Захиргааны хариуцлагын тухай хууль, Боловсролын тухай хуулиар сургалт зохион байгуулсан. Мөн тус шүүх дэх тахарын хэсгийн алба хаагч нарт эвлэрүүлэн зуучлалын талаар сургалт зохион байгуулж, эвлэрүүлэн зуучлагчид хандахаар ирсэн иргэдийг хэрхэн нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

 

Долоо: Мэдээллийн технологийн чиглэлээр явуулсан

арга хэмжээний талаар

Шүүхийн мэдээллийн технологийн үйл ажиллагааны нийтлэг журмыг ханган ажиллаж байгаа бөгөөд өөрийн шүүхийн цахим хуудсанд өдөр тутам мэдээллийг шинэчлэн ажиллаж байна. Мөн шүүхийн цахим хуудсыг энэ оны 04 дүгээр улиралд шинэчиллээ.

Шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд зохих журмын дагуу тогтмол байршуулж байна.

Шүүхийн байрны хяналтын камерыг байнгын хэвийн ажиллагаатай байлгаж бичлэгийг тогтмол хуулбарлаж байна.

"Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем”-ийг бүх шатны шүүхүүдэд нэвтрүүлэх ажиллагаатай холбогдуулан тус шүүхэд хэрэглэгдэж буй компьютеруудадOffice-2013 программыг суулгасан.

Серверийн өрөө, түүнийг ашиглах журмыг хангах үүднээс серверийн өрөөг жижүүрийн өрөөнөөс тусгаарлан засварлаж серверийн өрөөний стандартыг ханган ажиллаж байна.

 

Найм: Эвлэрүүлэн зуучлагчийн ажлын талаар

Сум дундын 13 дугаар шүүхэд 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна.

Эвлэрүүлэн зуучлагч ажиллаж эхэлснээс хойш 47 өргөдөл хүлээн авснаас 38 өргөдөлд эвлэрлийн гэрээ байгуулж, 6 өргөдөл амжилтгүй болж, 3 өргөдөл уригдагч тал хаягтаа байхгүйгээс буцсан байна.

Эвлэрлийн гэрээ байгуулсан 38 өргөдлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

6 өргөдөл амжилтгүй болсноос 4 өргөдөл нь иргэний хэрэг үүсгэснээс хойш буюу шүүхээс ирсэн өргөдөл байна.

Эвлэрүүлэн зуучлагчид ирсэн нийт 47 өргөдлийн 7 нь иргэний хэрэг үүсгэснээс буюу шүүхээс эвлэрүүлэн зуучлагчид шилжин ирсэн өргөдөл байна.

Дээрх 47 өргөдлийг эрх зүйн төрлөөр нь авч үзвэл:

-Иргэний эрх зүйн маргаан 75.5 хувь буюу 35 өргөдөл,

-Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан 2.1 хувь буюу 1 өргөдөл,

-Гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргаан 23.4 хувь буюу 11 өргөдөл тус тус хүлээн авсан байна.

Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчид хандсан иргэдийг тойргийн сумдаар нь авч үзвэл:

-Тосонцэнгэл сумаас 39 иргэн,

-Их-Уул сумаас 4 иргэн,

-Нөмрөг сумаас 1 иргэн,

-Асгат сумаас 1 иргэн,

-Тэлмэн сумаас 2 иргэн тус тус хандсан байна.

Түүнчлэн эвлэрүүлэн зуучлалыг сурталчлах зорилгоор тойргийн сум бүрт байрлах шүүхийн мэдээллийн самбарт эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг байршуулж байна. Мөн эвлэрүүлэн зуучлалын сурталчилгааны хаягийг шүүхийн гадна хананд, эвлэрүүлэн зуучлалын мэдээллийн самбарыг дотор хананд тус тус байршууллаа.

Ес: Шүүн таслах ажиллагааны талаар

1. Иргэний хэрэг

Тус шүүх нь 2013 оны үлдэгдэл 38 иргэний хэрэг дээр 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар шинээр 371 нэхэмжлэл нийт 409 нэхэмжлэлийг хүлээн авсан байна.

2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас тус шүүхэд ирүүлсэн 409 нэхэмжлэлээс 54 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг нь авч үзвэл шүүхэд харьяалагдахгүй үндэслэлээр 2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр 52 нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзсан байна.

2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийт 293 нэхэмжлэл, гомдол, хүсэлтэд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэжээ. Эдгээр 293 иргэний хэргээс 56 хэргийг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 19.1 хувийг хялбаршуулсан журмаар, үлдэх 237 хэргийг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 80.9 хувийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 56 иргэний хэргийг үндэслэл тус бүрээр нь авч үзвэл: Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр 8 хэргийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр 18 хэргийг, зохигч эвлэрсэн үндэслэлээр 28 хэргийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр 2 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна.

Хянан шийдвэрлэсэн иргэний хэргүүдийг эрх зүйн төрлөөр нь авч үзвэл иргэний хуулиар 46 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 15.6 хувийг, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 211 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 72 хувийг, гэр бүлийн тухай хуулиар 25 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 8.5 хувийг, хөдөлмөрийн тухай хуулиар 10 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 3.4 хувийг, газрын тухай хуулиар 2 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 0.6 хувийг тус тус эзлэж байна.

Иргэний хэрэг үүсгэж шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 237 хэргээс 231 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 4 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2 хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож болгож шийдвэрлэсэн байна.

2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанаас улсын тэмдэгтийн хураамжинд төсөвт 15.287.101 төгрөгийг оруулж, 8 төрийн байгууллагыг 371759 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, 3 иргэний улсын тэмдэгтийн хураамжийг 195190 төгрөгөөр багасгаж, 87 хэрэгт нийт 5873083 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байна.

2. Эрүүгийн хэрэг

Тус шүүх нь 2013 оны үлдэгдэл 3 хүнд холбогдох 3 эрүүгийн хэрэг дээр тус сум дахь сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 56 хүнд холбогдох 38 хэрэг хүлээн авч нийт 59 хүнд холбогдох 41 эрүүгийн хэргээс46 хүнд холбогдох 32 эрүүгийн хэргийг шийдвэрлэж, 8 хүнд холбогдох 5 эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад хийлгэхээр буцааж, 1 хүнд холбогдох 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Одоо 4 хүнд холбогдох 3 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Хянан шийдвэрлэсэн хэргээс 26 хэргийг шүүгч дангаар, 6 хэргийг бүрэлдэхүүнтэйгээршийдвэрлэж, 38хүнд хорих ял шийтгэл оногдуулж,4 хүнд баривчлах ял, 1 хүнд албадан ажил хийлгэх ял оногдуулж, 3 хүнийг цагаатгасан байна. 2014 оны тайлангийн үеийн эцэст 3 хэргийн үлдэгдэлтэй байна.

Нийт 43 хүн ял шийтгүүлсний 38 хүн буюу 88.3%-д нь хорих ял, 4 хүн буюу 9.3%-д нь баривчлах ял, 1 хүн буюу 2.3%-д нь албадан ажил хийлгэх ял тус тус оногдуулсан байна.

Хорих ял оногдуулсан 38 хүний 5 хүн буюу 13.5%-д нь хорих ялыг биечлэн эдлүүлж, 29 хүн буюу 76.3%-д нь хорих ялыг тэнсэн, насанд хүрээгүй 3 этгээд буюу 7.8%-д, 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие /эцэг/ 1 хүн буюу 2.6%-д тус тус тогтоол биелүүлэхийг хойшлуулсан байна.

Хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн 2 ялтныг чанга дэглэмтэй хорих ангид, 3 ялтныг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус ялэдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх ял шийтгүүлсэн 43хүнээс урьд нь ял шийтгүүлсэн 4хүн байгаа бөгөөд энэ нь нийт ял шийтгэгдсэн хүмүүсийн 9.3%-ийг эзэлж байна.

Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 21 хүн байгаа бөгөөд ял шийтгүүлэгсдийн 48.8%-ийг эзэлж байна.

Бүлэглэж үйлдэгдсэн 10 гэмт хэрэг байгаа бөгөөд энэ нь нийт шийдвэрлэсэн хэргийн 31,2%-ийг эзэлж байна.

Гэмт хэрэгт ял шийтгүүлэгсэдийг насны байдлаар нь авч үзвэл 16-17 насны 3 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 7%-ийг, 18-29 насны 12 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 28 %-ийг, 30-34 насны 11 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 25.5%-ийг, 35-аас дээш насны 17 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 39.5%-ийг тус тус эзэлж байна.

Боловсрол, эрхэлсэн ажлын талаар нь авч үзвэл бүрэн дунд боловсролтой 18 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 42 %-ийг, бүрэн бус дунд боловсролтой 3 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 6.9%-ийг, бага боловсролтой 17 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 39.5%-ийг, боловсролгүй 5 хүн буюу ял шийтгүүлэгсэдийн 11,6%-ийг тус тус эзэлж байна.

Ял шийтгүүлэгсэдийн ажил эрхлэлтийн байдлыг нь авч үзвэл оюутан 1, сурагч 3, эрхэлсэн ажил, сургуульгүй 31, бусад төрлийн хөдөлмөр эрхэлдэг 8 хүн тус тус байна.

Хянан шийдвэрлэгдсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 4 буюу шийдвэрлэсэн хэргийн 12.5%-ийг, Хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 1 буюу шийдвэрлсэн хэргийн 3.1%-ийг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 8 буюушийдвэрлэсэн хэргийн 25%-ийг, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3 буюу шийдвэрлэсэн хэргийн 9.4%-ийг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 11 буюу шийдвэрлэсэн хэргийн 34.3%-ийг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэрэг 4 буюу шийдвэрлэсэн хэргийн 12.5%-ийг, захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 1 буюу шийдвэрлэсэн хэргийн 3.2%-ийг тус тус эзэлж байна.

Шүүхээр шийдвэрлэсэн хохирлын хэмжээ 98.1 саятөгрөг байгаа бөгөөд үүнээс улсад 9.5 сая төгрөгийн хохирол, иргэдэд 88.6 сая төгрөгийн хохирол тус тус учирчээ.

3. Захиргааны зөрчил

2014 оны оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 141 хүнд холбогдох 136 захиргааны зөрчлийн материал хүлээн авч хянан шийдвэрлэснээс 5 хүнд захиргааны арга хэмжээ ногдуулахаас татгалзаж, 3 хүнийг 15000-25000 төгрөгөөр торгох, 133 хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус ногдуулсан байна.

 

 

 

ТАЙЛАН БИЧСЭН:

 

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА П.ДОРЖБАЛ

 

 

 

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 605   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031