БУСДЫН БУРУУТАЙ ҮЙЛДЛИЙН УЛМААС  ДАВУУ БАЙДАЛ ОЛЖ АВСАН ЭТГЭЭД ХОХИРЛЫГ ХАРИУЦАН АРИЛГАНА

 

 

Шийдвэрийн огноо: 2024.10.31

Шийдвэрийн дугаар: 141/ШШ2024/00207

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Хариуцагч Н.Б нь улсад 39 жил 1 сар ажиллаад 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэртээ гарч, нэг удаагийн буцалтгүй тусламжид 37,611,670 төгрөг авсан байна.

Гэвч дээрх буцалтгүй тусламжийн хэмжээг тооцохдоо Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын ажилтан алдаа гаргасны улмаас  2,875,306 төгрөгийг Н.Б-д илүү олгосон нь аудитын шалгалтаар илэрч, Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас буцаан төлүүлэхээр акт тавигдсан байна.

Харуцагч Н.Б нь мөнгө илүү олгогдсон явдалд өөрийн буруу байгаагүй учир алдаа гаргасан ажилтан хариуцах нь зүйтэй гэж маргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д "Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна" гэж хуульчилсан ба Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаартай "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 2.1-т “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно.” гэж, 2.2-т “Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржлүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна" гэж журамласан байна.

Завхан аймгийн ХХ сумын ерөнхий боловсролын сургуулиас өндөр насны тэтгэвэрт гарсан алба хаагч Н.Б-ийн үндсэн цалингийн тооцооллоор  3 жилийн дундаж цалин нь 964,402 төгрөгөөр тогтоогдсон байх ба дээрх хууль болон журмын дагуу 36 сараар тооцоход түүнд олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээ 34,736,364 төгрөг байхаар байна.

Гэвч Боловсрол, шинжлэх ухааны газрын ажилтан нь 3 жилийн дундаж цалин 964,402 төгрөгийг 39 сараар үржүүлж түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон нь холбогдох хууль, журамд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж хуульчилсан хэдий ч Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын ажилтны хууль зөрчсөн үйлдлийн улмаас Н.Б-д гэм хор учраагүй, харин давуу байдал бий болсон байна.

Нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад байх ёстой хөрөнгө бусдын эзэмшил, ашиглалтад үндэслэлгүй шилжсэн, улмаар түүнд ашиг, давуу байдал олгосон тохиолдолд ийнхүү бусад этгээдэд бий болсон нэмүү хөрөнгө, ашгийг хууль ёсоор эзэмших ёстой этгээд буцаан нэхэмжлэх эрхтэй.

Энэ талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, 492.1.1 дэх хэсэгт “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол” гэж тус тус хуульчлан зохицуулсан.

Тодруулбал, Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд зааснаар Боловсрол, шинжлэх ухааны газар нь Н.Б-д албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцож 34,736,364 төгрөгийн буцалтгүй тусламж олгох үүрэгтэй байсан хэдий ч 37,611,670 төгрөгийг олгож Н.Б-д давуу байдал олгосон байх ба Боловсрол, шинжлэх ухааны газар,  Н.Б нарын хооронд дээрх хууль, журмаар илүү олгосон 2,875,306 төгрөгийн үүрэг үүсээгүй байна.

Иймд хариуцагч Н.Б-ээс 2,875,306 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.