ЭРХЭЭ ХАСУУЛСАН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН БОЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
Шийтгэх тогтоолын огноо: 2024.04.01
Шийтгэх тогтоолын дугаар: 2024/ШЦТ/22
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
А.Н нь 2024 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын “Баян-Ухаа” багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Prius-11” маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэсэн.
Иймд шүүгдэгч А.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.