ХУВЬ ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭСЭН НЬ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ.
Шийтгэх тогтоолын огноо: 2024/04/02
Шийтгэх тогтоолын дугаар: 2024/ШЦТ/23
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багт үйл ажиллагаа явуулах “ББ” ХХК-ийн захирал Х.Б нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутаг дэвсгэр болох Ташуу гэх, хуулийн этгээдийн тусгаарлалт хийлгэсэн газраас өөр газарт зохих зөвшөөрөлгүйгээр 2.8 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж, Hyundai 4-Smon маркийн автомашинаар Баянтэс сум руу тээвэрлэж сумын ойн санд 1,448,189 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн бол хувь хүнд ял оногдуулах талаар, мөн зүйлийн 3 дахь хэсэгт хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болох талаар хуульчилсан.
Иймээс шүүх Х.Б-ийг “ББ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хувиар, мөн бусдад өөрийн хуулийн этгээдэд олгогдсон ойгоос мод бэлтгэж, тээвэрлэх эрхээр далимдуулан итгэл үнэмшил төрүүлж мод бэлтгүүлж, тээвэрлүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзээд, хувь хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн этгээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд “ББ” ХХК-ийн ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
Түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг болон шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 8 ширхэг модны үнэ 320,000 төгрөгийг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai 4-Smon маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1,800,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Х.Б-ээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.