ПРОКУРОРЫН ЯЛЫН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ, ТОРГОХ ЯЛ ШИЙТГЭВ
Шийтгэх тогтоолын дугаар: 2024.11.29 141/ШЦТ/82
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй,
Шийдвэрийн хураангуй: Б нь 2024 оны 09 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг Хар чулууны таг гэх газарт Д.Д-ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Л.Д-ийн биед халдаж, улмаар түүний толгойн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь баруун зулайн орой хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн духны урд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос Б-ийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь гэрч хохирогч, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргахаар хуульчилсан байдаг.
Иймд шүүгдэгч Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж, прокурорын гаргасан ялын саналыг шүүх хүлээн авч, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Хураангуйг бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.