ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ УДАА ДАРАА ҮЙЛДЭХ НЬ ГЭМТ ХЭРЭГ БОЛНО
Шийтгэврийн тогтоолын огноо: 2024/07/04
Шийтгэврийн дугаар: 2024/ЗШ/200
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Зөрчилд холбогдогч Б.Ё нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэрт эхнэр Н.Б-ийг хэл амаараа доромжилж хэрүүл маргаан үүсгэсэн, мөн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Н.Б-ийн зүүн гарын хэсэгт цохисон, охин Ё.М-ийн хөлийн хэсэгт өшиглөсөн, хүү Ё.М-ийн бие эрх чөлөөнд халдаж зодсон гэх зөрчлүүдэд холбогдсон байх ба уг зөрчлүүдийг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар зөрчилд холбогдогч Б.Ё нь 2024 оны 3 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг 30 минутын орчимд эхнэр Н.Б-ийг хэл амаар доромжилж, зүүн хөлийн доод хэсэгт нь өшиглөж, мөн хүү Ё.М, охин Ё.М, Ё.О нарыг морины ташуураар ороолгосон зөрчил үйлдэж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай шийтгэврээр 25 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээсэн нь шийтгэврийн хуулбараар, шүүхээс оногдуулсан баривчлах шийтгэлийг эдэлж гарч ирсэн өдрөө буюу 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр цагдаад өгч баривчлуулсан шалтгаанаар ална гээд толгой руу нь цохиж, өшиглөж унагаад зодсон зөрчил үйлдсэн болох нь хохирогч Н.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон зөрчилд холбогдогчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон болно.
Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга” гэж, мөн зүйл, хэсгийн 1.1-т “Зодсон бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус хуульчилсан.
Зөрчилд холбогдогч Б.Ё нь 2024 оны 3 дугаар сарын 04, 4 дүгээр сарын 20, 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд буюу зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Н.Б-ийг зодсон байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байнга гэдгийг 3 буюу түүнээс дээш удаа гэж ойлгох тул түүний дээрх үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.