ЗӨРЧИЛ ҮЙЛДЭГДСЭН НЬ НОТЛОГДООГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ

 

Шийтгэврийн тогтоолын огноо: 2024/08/05

Шийтгэврийн дугаар:2024/ЗШ/226

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Зөрчилд холбогдогч П.Д, Ч.М, Ч.Ц нар нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч А.А-ыг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн, амгалан тайван байдлыг нь алдагдуулж танхайрсан гэх зөрчилд холбогджээ. 

 

П.Д, Ч.М, Ч.Ц нарын дээрх зөрчилд Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасны дагуу шийтгэл оногдуулахаар материалыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Гэвч эрх бүхий албан тушаалтан дээрх үйл баримтуудын хугацаа, тухайн хугацаанд болсон үйл явдал, тэдгээр нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй эсэхийг нарийвчлан тогтоогоогүй байна.

Нийгмийн  ёс  суртахуунд  харшлах  бүдүүлэг  үг хэллэг хэрэглэн, хэн нэгэн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлын эсрэг халдсан үйлдлийг хэрүүл маргаан үүсгэсэн гэж үзэх бөгөөд П.Д, Ч.М, Ч.Ц нарт холбогдох зөрчлийн хэргийн тухайд хохирогч Х.А болон зөрчилд холбогдогч П.Д, Ч.М, Ч.Ц нарын хэн нь, ямар байдлаар хэрүүл маргаан үүсгэсэн, уг хэрүүл маргаан хэзээ болсон, хэн хэн ямар байдлаар оролцсон, мөн А.А-ын амгалан тайван байдлыг хэн, хэзээ, ямар байдлаар алдагдуулсан зэргийг тогтоогоогүй байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүнд ... оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж хуульчилсан ба Д, Ч.М, Ч.Ц нар нь хүүхдийнхээ учруулсан гэм хорыг арилгуулах талаар шаардлага тавьсан уу, хэрүүл маргаан үүсгэсэн үү гэдэг нь, мөн А.А-ын амгалан тайван байдал хэзээ, хэрхэн алдагдсан нь тогтоогдоогүй байх тул шүүх шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт “Монгол улсын иргэн ...шударга шүүхээр шүүлгэх...” эрхтэй гэж хуульчилсан ба шүүх эрх бүхий албан тушаалтны бүрдүүлсэн эргэлзээ бүхий нотлох баримтуудад үндэслэн, таамаглал, итгэл үнэмшлээр П.Д, Ч.М, Ч.Ц нарыг зөрчил үйлдсэн гэж шийтгэл халдаах боломжгүй учир уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.