ХУУРАМЧ ХОНИН АРЦ ХУДАЛДАЖ АВАХ, ХАДГАЛАХ, БОЛОВСРУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ НЬ ХУУЛЬ БУС

 

Шийтгэх тогтоолын огноо: 2024/07/29

Шийтгэх тогтоолын дугаар: 2024/ШЦТ/55

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч Г.Э нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 8 шуудай 133 килограмм хуурамч хонин арцыг худалдан авч, өөрийн эзэмшлийн амбаартаа хадгалж, өөрийн эзэмшлийн 6SM15-II маркийн будааны тээрмээр боловсруулж, өөрийн эзэмшлийн Prius 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тунхаглан баталгаажуулсан бөгөөд шүүгдэгчийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж,  байгаль орчин, ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсанаараа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг, харин эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох хуурамч хонин арцыг худалдан авч, хадгалж, боловсруулж, тээвэрлэснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн  объектив шинжийг тус тус хангаж байна гэж шүүх үзсэн болно.

Иймээс шүүгдэгч Г.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал худалдан авсан, хадгалсан, боловсруулсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдууллаа.

Түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 8 шуудай арц, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан будааны тээрэм, “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8,200,000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.