АЛБАН ТУШААЛЫН ХУВЬД ИТГЭМЖЛЭН ХАРИУЦСАН ЭД ХӨРӨНГӨӨСӨӨ ЗАВШСАН ЭТГЭЭДЭД ХҮНДРҮҮЛЖ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
Шийтгэх тогтоолын огноо: 2024.10.24
Шийтгэх тогтоолын дугаар: 2024/ШЦТ/71
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч Д.Д нь Хилийн цэргийн дугаар ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалын хувьд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 27 дугаартай тогтоолоор аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай шийдвэрийн дагуу Уран Андиа” ХХК-нд шилжүүлсэн 80,000,000 төгрөгийн 72,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Г.Ц-ын, хадам ээж Л.М-ийн, хадам эгч Э.А-ийн дансанд, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус ангийн 82 хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цолны мөнгө болох 11,118,848 төгрөгийг Төрийн банкны түр данснаас өөрийн төрийн банкны дансанд, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5 алба хаагчийн 5 жил алба хаасны урамшуулал 59,233,981 төгрөгийг Хаан банкны түр данснаас өөрийн эхнэр Г.Ц-ын, хадам ээж Л.М-ийн дансанд тус тус шилжүүлэн авч завшсан байна.
Шүүгдэгчийн тухайн үед эрхэлж байсан албан тушаал, албан тушаалын хувьд хариуцаж байсан эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээ, үйлдэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан байдал, газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдсон болно.
Хөрөнгө завших гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Д.Д нь гэмт үйлдлийнхээ улмаас бусдад 142,352,829 төгрөгийн хохирол учруулсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хэлнэ гэж хуульчилсан тул түүний бусдад учруулсан хохирлыг их хэмжээний хохирол гэж үзэх үндэслэлтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба Д.Д-ийн хэд хэдэн удаагийн үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж буй учир үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгт тооцох нь хуульд нийцнэ.
Иймд шүүгдэгч Д.Д-д бусдын итгэмжлэн хариуцуулсан их хэмжээний эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөрөнгө завших гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж хүлээлгэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.