ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЭЗЭМШИГЧ ГЭМ ХОРЫН ХОХИРЛЫГ ХАРИУЦНА

 

.

 

Шийтгэх тогтоолын огноо: 2024.10.24

Шийтгэх тогтоолын дугаар: 2024/ШЦТ/70

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч М.М нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг дэвсгэр Баян-Уулын арын Урт нүүр гэх газарт амь хохирогч Б.Д-ийн хууль бусаар бэлтгэсэн 7.3192 метр куб модыг ачиж 00-00 УАТ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”; 3.7.в заалтад заасан “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас  тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Б.Д, Н.Х нар нас барж, иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн эзэмшлийн, 22 сая төгрөгийн үнэ бүхий Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн хувьд “...Зил-131 маркийн тээврийн хэрэгслээ буцааж авахгүй, 22 сая төгрөгөөс шүүгдэгч М.М нь 10 сая төгрөгийг төлсөн тул үлдэх 12 сая төгрөгийг гаргуулна...” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн6

Гэвч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан тул бүрэн бус ажиллагаатай байсан тээврийн хэрэгслийг шүүгдэгчид ашиглуулж зам тээврийн осол гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн, тухайн цаг хугацаанд уг тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн болно.

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.