БЭЛГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БУСДЫГ ЗОДСОН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ

 

 

Шийтгэх тогтоолын огноо: 2024.11.01

Шийтгэх тогтоолын дугаар: 2024/ШЦТ/73

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн ХХ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХ караокены вип өрөөнд хохирогч А.А-ын хүсэл зоригийн хүч хэрэглэж, газарт биеэрээ дарж унагах, тэврэх, хөх, бэлхүүсийг нь барих, үснээс зулгаах, өмдний товчийг тайлж гараа өмдний дотуур хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийхийг завдсан, мөн хохирогчийг эсэргүүцэл үзүүлэхэд нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, тархи доргилт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 Шүүгдэгч Б.Б нь хүнийг зодох, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, сэтгэцэд хор уршиг учрах боломжтой, хүний эрүүл мэнд, бэлгийн халдашгүй байдалд  халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай ч тэрээр  ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн ба Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул Б.Б-ийн үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Б.Б нь хохирогч А.А-ын биед шууд санаатайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээрээ  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийхийг завдсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Б нь бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийхээр хохирогч А.А руу шууд довтолсон ч уг үйлдэл нь өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу гэрч Д.Д өрөөнд орж ирж салгасан үйлдлийн улмаас төгсөөгүй байх тул бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийхийг завдсан гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан тул шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийхийг завдсан /хүчиндэхийг завдсан/ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

 

 

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.