АЖИЛТНЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН АЛБАН ТУШААЛТАН ТУХАЙН АЖИЛТНЫ АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ ГЭМ ХОРЫН ХОХИРЛЫГ ХАРИУЦАН АРИЛГАНА
Шийдвэрийн огноо: 2024.10.31
Шийдвэрийн дугаар: 141/ШШ2024/00208
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Р.Б нь Завхан аймгийн ХХ сум дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар тус төвийн дотуур байрны жижүүр В.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба уг тушаалыг В.Б нь эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаартай шийдвэрээр түүнийг дотуур байрны жижүүрийн үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосон ба В.Б нь ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа орох хүртэл хугацааны цалинг нэхэмжилж шүүхэд хандсаныг хариуцагч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хүлээн зөвшөөрсөн байна.
Түүнчлэн Завхан аймгийн ХХ сум дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дансанд шүүхийн шийдвэрийн төлбөр барагдуулах үндэслэлээр 5,000,000 төгрөгийг, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дансанд 3,625,967 төгрөгийг буюу бүгд 8,704,188.06 төгрөгийг шилжүүлсэн байна.
Харин нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс төлөгдсөн дээрх төлбөрийг төрд учирсан хохирол гэж үзээд Р.Б-аар төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж, 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, ...-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Иймд шүүх Р.Б нь Завхан аймгийн ХХ сум дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн үйлдлийн улмаас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс В.Б-д олгогдсон ажилгүй байсан хугацааны цалинг төрд учруулсан хохирол гэж шүүх дүгнээд, Р.Б-д холбогдох хэсгийг түүгээр төлүүлж хохирлыг арилгуулахаар шийдвэрлэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.