ҮЙЛ ЯВДЛЫГ БАТЛАХ БАРИМТ БИЧГИЙГ ӨӨР ЖУРМААР ОЛЖ АВАХ БОЛОМЖГҮЙ БУЮУ ҮРЭГДСЭН БАРИМТ БИЧГИЙГ СЭРГЭЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН ТОХИОЛДОЛД Л ШҮҮХ ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ
Шийдвэрийн огноо: 2024.11.11
Шийдвэрийн дугаар: 141/ШШ2024/00214
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Б.О нь 1992 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Д.Б-тэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч Б.О нь 1992 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Д.Б-тэй гэрлэснээ 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нэхэмжлэгчийн тайлбар, гэрлэснийг бүртгэх анкетын хуулбар, Үндэсний төв архивын лавлагааны хуулбар, гэрч Р.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт “Тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” гэж, 135.3 дахь хэсэгт “Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “бүртгэлийн үйл ажиллагаанд үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх зарчмыг баримтална” гэж тус тус хуульчилсан ба нэхэмжлэгч Б.О нь Д.Б-тэй 1992 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрлэснийг 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн, Улсын бүртгэлийн байгууллагаас холбогдох баримт бичгийг гаргуулан авах боломжтой байх тул шүүх тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.