ЗӨРЧИЛ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДЭД ШҮҮХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХДАА ҮЙЛДСЭН ЗӨРЧЛИЙН ХЭР ХЭМЖЭЭ, ДАВТАМЖ, ЗӨРЧИЛ ҮЙЛДСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗНЭ
Шийдвэрийн огноо: 2024.11.25
Шийдвэрийн дугаар: 2024/ЗШ/980
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Зөрчилд холбогдогч Б.П нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт Toyota aqua маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд үйлджээ.
Иймд түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй юм.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчил үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай.
Зөрчилд холбогдогч Б.П нь:
1.Урьд 2020 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж шийтгүүлж байсан боловч гэмшихгүй дахин энэ төрлийн зөрчлийг үйлдсэн байна.
2. Согтолтын зэргийн хувьд 1.79%-ийн буюу их хэмжээний согтолттой үедээ сумын төв доторх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох өндөр эрсдэл бүхий замд тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг үйлдсэн байна.
Иймд түүний үйлдсэн зөрчлийн хэр хэмжээ, давтамж, зөрчил үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.