1. Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэв
Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2024.04.22. 2024/ШЦТ/26
Шүүхийн шийдвэрийн төрөл:Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэрийн төлөв:Хуулийн хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Т.Б нь Нийслэлийн Баянгол дүүргийн ХХ хороо, үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамж 40/2 үйл ажиллагаа явуулдаг “Дашваанжил” ХХК-ийн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг автомашин хийгээр цэнэглэх станцын 36 салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 7 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар саруудад нийт 129,159,577 төгрөгийн борлуулалт хийснээс байгууллагад 107,693,020 төгрөгийг буцааж тушаасан зөрүү болох 21,466,577 төгрөг завшсан үйлдлийн улмаас “Дашваанжил” ХХК-д 21,466,557 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй юм.
Иймд шүүгдэгч Т.Б-гийн “Дашваанжил” ХХК-ийн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг автомашин хийгээр цэнэглэх станцын 36 салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа 21,466,577 төгрөг завшсан санаатай үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшиж гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.
Тиймээс шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учруулсан хохирлоо төлсөн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.