2. Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэв

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2024.08.20. 2024/ШЦТ/59

Шүүхийн шийдвэрийн төрөл:Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв:Хуулийн хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ч, Ч.Г, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ч.Г, Ч.Ч, Г.Г нар нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүлэглэн Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Халуун усны ам Цуурай гэх газарт хууль сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарын тавьсан хууль ёсны амь хохирогч О.Б-ийн биед үхлийн шалтгаан тогтоох задлан шинжилгээ хийх шаардлагыг эсэргүүцэж, улмаар тус сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Ж, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Д нарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдаж, ахлах дэслэгч Т.Ж-ийн баруун шанаа хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл, ахлах дэслэгч О.Д-ийн толгойн дагз хэсэгт язарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулж, тухайн цаг хугацаанд тус сумын сум дундын цагдаагийн хэлтсийн холбоо мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Б.Б-ын хувийн эзэмшлийн “Mitsubishi Outlander” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины болон жолооч талын, багажийн хаалганы шилийг тус тус хагалж, эвэр толь, урд гупер, жолооч талын цонхны борооны хаалт, жолооч талын хойд талын хаалга, толийг зэргийг эвдэж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нийт 8 сарын хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.

Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Б.Өлзийхишиг.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.