АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АВЧ ЯВСАН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2024.10.02. 2024/ШЦТ/66
Шүүхийн шийдвэрийн төрөл:Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэрийн төлөв:Хуулийн хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Прокурорын газраас шүүгдэгч Б-г бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлжээ.
Шүүгдэгч Б-гийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын “Баян-Айраг” багийн “Шар бэлчир” гэх газарт иргэн Ч-ийн гэрийн гадна байх Ө-ийн эзэмшлийн 18-94 ЗАВ улсын дугаартай “landcruiser-80” маркийн тээврийн хэрэгслийг хохирогчид мэдэгдэлгүйгээр унаж явсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүх шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.