ХУУЛЬ БУСААР АН АГНАСАН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2024.10.02. 2024/ШЦТ/67

Шүүхийн шийдвэрийн төрөл:Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв:Хуулийн хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокурорын газраас шүүгдэгч А-г хууль бусаар 1 толгой монгол тарвага агнаж байгаль экологид 410,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлжээ.

Шүүгдэгч А нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Улсын тусгай хамгаалалттай Байгалийн цогцолборт газарт хамаарах нутаг дэвсгэр болох “Шувуу шаагьдгийн мод толгойн шил” гэх газраас хууль бусаар 1 толгой монгол тарвага агнаж байгаль экологид 410,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” гэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг улсын хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглосон байх ба энэхүү хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна

Шүүгдэгч А-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлсөн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 3 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Б.Өлзийхишиг

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.