ИРГЭНИЙ АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙДЛЫГ ТОГТООХОД ШҮҮХ ӨӨРИЙН САНААЧИЛГААР НОТЛОХ БАРИМТ ЦУГЛУУЛНА
Шүүгчийн захирамжийн дугаар: 2024.05.27. 141/ШЗ2024/00430
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Процессын хураангуй-02: Иргэн Ц нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор, 1989- 1992 онуудад Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэн Ц-ийн ажлаас чөлөөлсөн тушаал болон бусад баримт архивт хадгалагдан үлдээгүй тул тэрээр өөрийн ажиллаж байсан байдлаа хамт ажиллаж байсан 2 хүнээр гэрчлүүлэхээс өөрөөр нотлох боломжгүй талаар шүүхэд тайлбарласан байна.
Хуульд зааснаар, шүүх онцгой ажиллагааны журмаар зарим хэргийг шийдвэрлэдэг бөгөөд үүнд маргалдагч талгүй буюу хэн нэгэнтэй маргаагүй, харин эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоолгохоор гаргасан хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа хамаардаг.
Шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоох зорилгоор өөрийн санаачилгаар тодорхой ажиллагаанууд явуулах боломжтой тул иргэн Ц-ийн хүсэлтийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт, гэрлэсний бүртгэлийн маягтуудад түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал нь хэрхэн бичигдсэн байдлыг тодруулах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, захирамж гаргав.
Шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар иргэн Ц-ийн ажилд орсон хугацаа, ажиллаж байгаа байгууллагууд нь тодорхой болсон бөгөөд уг баримт нь гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар нотлогдсон тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох тул дээрх баримт нь хэрэгт ач холбогдолтой баримт болох юм.
Шүүх дээрх баримтуудад үндэслэн иргэн Ц-ийн ажиллаж байсан байдлыг тогтоосон шийдвэр гаргасан байна.
Процессын тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.