ШҮҮХИЙН ДУУДСАН ЦАГТ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ИРЭЭГҮЙ ГЭРЧИЙГ АЛБАДАН ИРҮҮЛНЭ
Шийдвэрийн дугаар: 2024.11.15, 2024/ШЗ/193
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Процессын хураангуй-1
Шүүгдэгч А.Д, Б.Б, Ж.Б, Л.Н, Б.С нар нь хулгайлах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэдгээрт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр товлож, уг хуралдаанд гэрч Б-г оролцуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн тул шүүхээс хуралдаанд гэрч Б-г оролцуулахаар шийдвэрлэжээ.
Улмаар шүүхээс Б-ийн оршин суугаа хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлж, Б-нь уг мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч тэрээр товлогдсон өдөр шүүх хуралдаанд ямар нэгэн шалтгаангүйгээр ирээгүй байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс гэрч Б-г шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг албадан ирүүлэх ажиллагаа хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор, шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудагдсан гэрч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл прокурорын хүсэлтийн дагуу түүнийг албадан ирүүлэх тухай шийдвэр гаргахаар хуульчилсан байдаг.
Үүний дагуу, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэрч Б-г албадан ирүүлэхээр шүүхээс шийдвэрлэв.
Гэрчийг албадан ирүүлэхээр гаргасан шүүгчийн захирамжийн биелэлтийг цагдаагийн байгууллага хангаж, хариуцан гүйцэтгэдэг болно.
Процессын тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.