ЦАХИМ ОРЧИНД БУСДЫН НЭР ТӨР, АЛДАР ХҮНДЭД ХАЛДСАН ИЛТ ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАРААСАН БОЛ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦНО
Шийдвэрийн дугаар: 2024/ШЦТ/05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн хураангуй: Шүүгдэгч Г нь 2023 оны 07 дугаар сараас 24-ний өдөр фейсбүүк цахим орчинд “Энэ нэг Яанхан хүүхэн хэдэн жил сум оронд минь байж хүн хүний эр нөхөртэй заваарах юм бэ шөнө байж ядах юм нөхөр сүүдэр амраахгүй юм архи ууя гараад ир шоудна гээд олон дуугай байлаа зайлаад өгөөч хүн харахад гэмгүй юм шиг яанхан юмаа, ажлын байрандаа ч архи ууна ах дүү нь хэлж хийх хүн байвал хэлээрэй эхний удаа ингэж олонд түгээе дараагийн удаа өөр шүү” гэсэн мэдээлэл хохирогч Ц.Н-ийн зургийн хамт тавьж нэр төрд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд удаа дараа тараажээ.
Эрүүгийн хуульд зааснаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж үздэг бөгөөд энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар заасан.
Шүүхээс шүүгдэгч Г-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Хураангуйг бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.