ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ДУТУУ ЯВУУЛСАН УЧРААС НЭМЭЛТ АЖИЛЛАГАА ХИЙХИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ДААЛГАВ

 

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2025.01.22. 2025/ШЗЗ/37

Шүүхийн шийдвэрийн төрөл: Процессын тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Зөрчилд холбогдогч Б.Д нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр О.Н-г зодсон, мөн хүүхдийн дэргэд архидан согтуурсан гэх зөрчилд тус тус холбогджээ.

Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд холбогдогч Б.Д-д Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг зааснаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авхуулах саналтайгаар зөрчлийн хэргийг тус шүүхэд ирүүлжээ. 

Гэтэл Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь Б.Д-д холбогдох зөрчлийн хэрэгт хүүхдийн дэргэд архидан согтуурсан мансуурсан талаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй атлаа шийтгэл оногдуулах саналыг гаргаж ирүүлсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүгч нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж болно” гэж заажээ.

Иймд шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг завсарлуулж, зөрчилд холбогдогч Б.Д-д холбогдох зөрчлийн хэрэгт хүүхдийн дэргэд архидан согтуурсан мансуурсан талаар нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Б.Өлзийхишиг

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.