СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ, ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТСӨН ЖОЛООЧ ӨӨРТ УЧИРСАН ХОХИРЛЫН ХАГАСЫГ ХАРИУЦАХ НЬ ШУДАРГА ЁСНЫ ЗАРЧИМД НИЙЦНЭ

 

Шийтгэх тогтоолын огноо: 2025.01.15

Шийтгэх тогтоолын дугаар: 2025/ШЦТ/03

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Б.Ж нь Завхан аймгийн ХХ сумын ХХ багийн нутаг дэвсгэрт 2024 оны 04 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 00-00 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалтад заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж эсрэг урсгал сөрж яваад 00-00 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд 6,280,000 төгрөгийн хохирол бүхий эвдрэл гэмтлийг учруулжээ.

Харин 00-00 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.О нь 0.28%-ийн тоон үзүүлэлт бүхий согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн  229.2 дахь хэсэгт “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж тус тус хуульчилсан.

Зам тээврийн осол шүүгдэгч Б.Ж нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас шалтгаалан гарсан ч, иргэний нэхэмжлэгч Ж.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалтаар хориглосон буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохыг хориглосныг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 0.28%-ийн тоон үзүүлэлт бүхий согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноор осолд өртөх нөхцөлөө бүрдүүлсэн байна.

Иймд иргэний нэхэмжлэгч Ж.О-ын эд хөрөнгөд  учирсан гэм хорыг шүүгдэгч Б.Ж, иргэний нэхэмжлэгч Ж.О нар хамтран хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчээр төлүүлэх гэм хорын хэмжээг тодорхойлохдоо иргэний нэхэмжлэгчийн хууль, дүрэм зөрчсөн үйлдэл, ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үнэлгээний 70%-иар тогтоохоор шийдвэрлэв.

Тодруулбал иргэний нэхэмжлэгч Ж.О-ын эд хөрөнгөд учирсан хохирол 6,280,000 төгрөгөөс шүүгдэгч Б.Ж 4,396,000 төгрөгийг, харин үлдэх хэсгийг иргэний нэхэмжлэгч өөрөө хариуцах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.