ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦАА ХЭТРҮҮЛЖ БҮРДҮҮЛСЭН НОТЛОХ БАРИМТЫГ НОТЛОХ БАРИМТААР ҮНЭЛЭХ БОЛОМЖГҮЙ
Шийтгэврийн огноо: 2025.01.08
Шийтгэврийн дугаар: 2025/ЗШ/97
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Зөрчилд холбогдогч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ төрсөн хүү Б.А-г зодсон гэх зөрчилд холбогджээ.
Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд холбогдогч Б.Б-д Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасны дагуу шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авхуулах саналтайгаар зөрчлийн хэргийг тус шүүхэд ирүүлжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна” гэж, 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж хуульчилсан ба эрх бүхий албан тушаалтан нь Б.Б-д холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн боловч зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгуулахгүйгээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчлийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулсан хэрэг бүртгэлтийн ажиллагааны үндсэн дээр цугларч, бүрдсэн нотлох баримтыг шүүх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт хэмээн үнэлэх боломжгүй, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн үндэслэлээр зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг завсарлуулж, нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.