ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ИРГЭНИЙ НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ ЭРХТЭЙ
Шийтгэх тогтоолын огноо: 2025.02.05
Шийтгэх тогтоолын дугаар: 2025/ШЦТ/11
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч Ч.Б нь “2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ХХХ ХХХ гэх фейсбүүк цахим хэрэгслээр хохирогч Б.С-ыг ENARY нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн сүлжээнд 50,000 төгрөг шилжүүлж элсэж ороод, доороо 2 хүн элсүүлээд цалин авна гэж хуурч 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5680хххххх дансаар 13,513,000 төгрөгийг, Төрийн банкны 1506хххххххх дансаар 1,830,000 төгрөгийг, нөхөр гэх Л.О-ын Хаан банкны 5920хххххх тоот дансаар 3,020,000 төгрөгийг, нийт 94 удаагийн гүйлгээгээр 18,363,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх шүүгдэгч Ч.Б-ын үйлдлүүдийг залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Ч.Б-ЫН үйлдлийн улмаас хохирогч Б.С-Д 18,363,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7,300,000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлж барагдуулсан байх бөгөөд 11,063,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүйг хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт 11,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж хуульчилсны дагуу хохирогч Б.С нь иргэний нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул түүнийг 63,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдаж, 11,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэр гаргав.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.