ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭСЭН ТУЛ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭВ
Шийтгэх тогтоолын дугаар: 2025.03.19 141/ШЦТ/21
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй,
Шийдвэрийн хураангуй: Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед “Үхэр хөөлөө” гэсэн шалтгаанаар хохирогч Ө.М-ыг газарт унагааж, улмаар түүний зүүн талын хавирга болон цээж хэсэг рүү өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд 6, 7-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос Ц.С-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгч Ц.С-ийг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд гаргажээ.
Шүүх шүүгдэгч Ц.С-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Хураангуйг бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.