ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ ЗОГСООСОН Л БОЛ НЭН ДАРУЙ ЧӨЛӨӨЛӨХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ҮҮРЭГ ЖОЛООЧИД БИЙ
Шийтгэх тогтоолын огноо: 2025.02.26
Шийтгэх тогтоолын дугаар: 2025/ШЦТ/17
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч О.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай засмал зам дээр 00-00 УБК улсын дугаартай Мазда Титан маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйлд заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.” гэснийг, мөн дүрмийн 14.10 дугаар зүйлд заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчиж тээврийн хэрэгслийг зам чөлөөлөхгүй зогсоосны улмаас араас нь 00-00 УВХ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Б, зорчигч Г.Т нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудаар 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай засмал зам дээр кардан голын чагтан шайраг нурсан гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн 00-00 УБК улсын дугаартай мазда титан маркийн автомашиныг уг замаар хөдөлгөөнд оролцож байсан 00-00 УВХ улсын дугаартай приус 20 маркийн автомашин мөргөн зам тээврийн осол гаргаж, 00-00 УВХ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг жолоодож явсан О.Б, зорчин явсан Г.Т нар нас барсан үйл баримт тогтоогдсон.
Түүнчлэн:
- 00-00 УБК автомашины жолооч О.Х нь замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй автомашинаа зогсоосон, ослын дохионы гэрлээ асааж автомашинаа эзэнгүй орхиод ойр байрлаж байсан айл руу явсан үед осол гарсан үйл баримт,
- 00-00 УВХ автомашиныг жолоодож явсан О.Б нь насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлсэн үйл баримт,
- 00-00 УВХ автомашины эзэмшигч нь Г.Т бөгөөд насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн О.Б-д жолоогоо шилжүүлсэн үйл баримт нотлогдон тогтоогдсон болно.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэж, 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэж, 1.2.14-т “Зайлшгүй зогсолт гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ” гэж зохицуулсан.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а/-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж зохицуулсан.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7б/-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэж зохицуулсан.
Тодруулбал, 00-00 УБК автомашины жолооч О.Х нь тээврийн хэрэгслээ замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлж байрлуулаагүй, тухайн замаар зорчих бусад тээврийн хэрэгсэлд аюултай нөхцөл үүсгэсэн гэдгээ мэдсээр байж зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авахгүйгээр эзэнгүй орхиж явсан үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 14.10-т заасныг, 00-00 УВХ автомашиныг жолоодож явсан О.Б нь насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлсэн үйлдлээрээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а/, 14.4-т заасныг, 00-00 УВХ автомашины эзэмшигч Г.Т нь насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн О.Б-д жолоогоо шилжүүлсэн үйлдлээрээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7б/-д заасныг тус тус зөрчиж учирч болох хохирол, хор уршигт болгоомжгүйгээр хандсаны улмаас зам тээврийн осол гарч О.Б, Г.Т нарын амь хохирч, О.Х, Г.Т нарын эд хөрөнгөд хохирол учирсан байна.
Тиймээс шүүгдэгч О.Х, амь хохирогч О.Б, Г.Т нарын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэсэн болно.
Гэвч О.Б, Г.Т нар нь уг зам тээврийн ослын улмаас амь хохирсон тул тэдний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх үзээд шүүгдэгч О.Х-ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд хууль зүйн дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.