ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГДДЭГ НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТООГДВОЛ ГЭРЛЭЛТИЙГ ШҮҮХ ШУУД ЦУЦАЛНА
Шийтгэх тогтоолын огноо: 2025 оны 03 сарын 06 өдөр
Шийтгэх тогтоолын дугаар: 141/ШШ2025/00042
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Д.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Харин хариуцагч Д.М нь нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтийг шүүхэд гаргасан.
Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хариуцагч Д.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нөхцөл байдал тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ” гэж, 14.3 дахь хэсэгт “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж, 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж хуульчилсан.
Иймээс шүүх Д.Ц, Д.М нарт эвлэрүүлэн зуучлал шаардлагагүй гэж үзээд гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.