ГЭРЛЭЛТ ЦУЦАЛЖ, ХҮҮХДИЙН АСРАМЖ ТЭТГЭЛЭГ ТОГТООЖ, ДУНДЫН ЭД ХӨРӨНГИЙН ТАЛААР ЭВЛЭРЭН ТОХИРОЛЦСОН БОЛОХЫГ ДУРДАЖ ШИЙДВЭРЛЭВ

 

Шүүхийн шийдвэр дугаар: 2025.01.08. 141/ШШ2025/0006

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн хураангуй: Б.С нь Х.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт минь болон охин, хүү хоёрт ноогдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

 Хариуцагч Х.Д нь гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу шүүх 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрлэгчдэд эвлэрэх 3 сарын хугацаа өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, эвлэрүүлэх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй байна.

Хариуцагч Х.Д нь эхнэр Б.С-ийн бие эрх чөлөөнд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон зөрчил үйлдэж шийтгүүлж байсан болох нь тус шүүхийн шийтгэврийн хуулбаруудаар, мөн гэрлэгчид тусдаа амьдарч байгаа болох нь тэдгээрийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Гэрлэгчид эвлэрээгүй, хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх талаар хэн аль нь санаачилга гаргаагүй, мөн тэдгээрт гэрлэлт цуцлахыг хориглосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж заасны дагуу Б.С, Х.Д нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, эцэг Х.Д-ээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед …хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасны дагуу хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах тухайгаа гэрлэгчид буюу нэхэмжлэгч хариуцагч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурдав.

Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Б.Өлзийхишиг

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.