ГЭРЧ, ХОХИРОГЧИД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ ҮНДЭСЛЭЛ АРИЛААГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ СУНГАВ.
Шүүгчийн захирамж: 2025.03.11
Төлөв: Хүчин төгөлдөр болоогүй,
Хураангуй: Яллагдагч Г.А нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Ч-ийн бие эрх чөлөөнд халдаж, хоолойг боож амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос яллагдагчийг гэрч хохирогчид нөлөөлж болзошгүй, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй үндэслэлээр цагдан хорих хугацааг сунгах саналыг шүүхэд гаргасан байна.
Яллагдагч Г.А-ыг арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж заажээ.
Яллагдагч Г.А-д өмнө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах…” гэж заажээ.
Гэмт хэрэг гарах хугацаанд хэргийн газарт 10 настай хохирогчийн хүүхэд байсан бөгөөд уг гэрчид болон бусад гэрч, хохирогчид нөлөөлж болзошгүй үндэслэл нь арилаагүй байх тул шүүх яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сараар сунгаж шийдвэрлэв.
Хураангуйг бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.