ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗАРДЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Шийтгэх тогтоолын огноо: 2025/06/20
Шийтгэх тогтоолын дугаар: 2025/ШЦТ/54
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Г.П нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт “Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 А "а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Д.М-ийн эрүүл мэндэд сүүж ясны үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, зорчигч Д.Б, С.Д нарын эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол, зорчигч Б.М-ын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн далны дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдсон болно.
Мөн Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ХОВ0825/029 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.М-ийн сэтгэцэд 1 дүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь нотлогдож байх тул хохирогч гэмтлийн улмаас мэдэрсэн өвдөлт, зовуурь, шаналалтай, сэтгэл санаа хямрах, аливаа зүйлсээс болгоомжлох, санхүүгийн болон амьдралын бусад асуудалд санаа зовних байдалтай хэдий ч амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр суурь алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, зан байдал өөрчлөгдөх нөхцөл үгүй байсан зэргийг харгалзан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2.5 дахин нэмэгдүүлэн тооцож 1,650,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.