ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС ЭРҮҮЛ МЭНД НЬ ХОХИРСОН ДААТГУУЛАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Шийтгэх тогтоолын огноо: 2025/04/29
Шийтгэх тогтоолын дугаар: 2025/ШЦТ/39
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч Н.О нь 2024 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Аргалант багийн нутаг Цагаанчулуут гэдэг газарт байрлах Н.Б-ийн гэрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас С.А-ын хэвлийн тус газар хутгаар хутгалж, улмаар С.А-ын эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвт хутгалагдсан шарх, нарийн гэдэсний цоорол, тасрал, хэвлийн хөндийн перитонит шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдсон болно.
Хохирогч С.А нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 11,042,981 төгрөгийн зардал гарсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан тул хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шүүгдэгч Н.О-ээс 11,042,981 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.