ОЙГООС МОД БЭЛТГЭЖ, ТЭЭВЭРЛЭХДЭЭ ЭРХИЙН БИЧИГ ЗААВАЛ АВНА

Шийтгэх тогтоолын огноо: 2025/08/08

Шийтгэх тогтоолын дугаар: 2025/ШЦТ/66

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч Л.О нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр баг Пүнзэт гэх газрын ойгоос 2.622 метр куб нойтон модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэж сумын ойн санд 1,743,588 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Шүүгдэгч Л.О нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр баг Пүнзэт гэх газрын ойд байгалийн хүчтэй салхи шуурганд үндсээрээ булгарч, хугарч унасан 10 ширхэг нойтон мод байгааг олж мэдээд хашаагаа засаж сэлбэхэд ашиглах зорилгоор сумын засаг даргад 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүсэлт гаргасны үндсэн дээр сумын засаг дарга нь байгаль хамгаалагчид хуулийн дагуу эрхийн бичгийг олгохоор цохолт хийж баталгаажуулсан байна.

-Байгаль хамгаалагч Ш.Т нь Л.О-т эрхийн бичиг авахын тулд Ойн ангиар дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай талаар танилцуулахад тэрээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангид хүсэлт гаргаж дүгнэлт гаргуулсан байна.

-Шүүгдэгч Л.О нь 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангийн дүгнэлтийг авч байгаль хамгаалагч Ш.Т-аар эрхийн бичиг бичүүлэхээр очсон байх боловч сумын хэмжээнд эрхийн бичиг ирээгүй үндэслэлээр байгаль хамгаалагч нь эрхийн бичиг бичиж өгөөгүй байна.

-Шүүгдэгч Л.О 10 ширхэг буюу 10-11 куб.метр модонд Ойн ангиар дүгнэлт гаргуулж авсан боловч эрхийн бичиг хөөцөлдөх хугацаанд нь зарим мод нь алга болсон учир 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр найз Д.Б-ээс автомашиныг нь, найз П.М-аас хөрөөг нь гуйн авч, өөрийн хүүгийн ангийн найз С.Б-ыг дагуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр баг Пүнзэт гэх газрын ойд очиж байгалийн хүчтэй салхи шуурганд үндсээрээ булгарч, хугарч унасан 5 ширхэг нойтон модноос 2.622 метр.куб буюу 22 ширхэг бөөрөнхий модыг цахилгаан хөрөөгөөр тайрч бэлтгэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу бонго-3 маркийн автомашинаар тээвэрлэж яваад цагдаад баригдсан байна.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан.

Л.О-ы мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлүүд нь мод бэлтгэх эрхийн бичгийн үндсэн дээр үйлдэгдэх байсан ч тэрээр эрхийн бичиггүйгээр үйлдсэн байх тул зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй юм.

Иймээс түүнд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.