ЗӨРЧИЛ ТУС БҮРД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛНА
Шийтгэврийн огноо: 2025/07/29
Шийтгэврийн дугаар: 2025/ЗШ/368
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Б.Д нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий дагавар охин О.С-ийн нуруу руу гараараа 1 удаа цохиж, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хөл рүү нь хөлөөрөө өшиглөж бие эрх чөлөөнд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчилд холбогджээ.
Б.Д-ын дээрх зөрчилд Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасны дагуу шийтгэл оногдуулахаар материалыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан байх тул зөрчилд холбогдогч Б.Д-ын дагавар охин О.С-ийг 2 удаа зодсон үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд зөрчилд холбогдогч Б.Д-ын дээрх үйлдлүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж, 3.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Хэд хэдэн зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийн нийт хугацаа 3 сараас хэтрэхгүй байна” гэж тус тус хуульчилсан тул зөрчилд холбогдогч Б.Д-ын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дагавар охин О.С-ийн хөл рүү нь хөлөөрөө өшиглөж зодсон үйлдэлд 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дагавар охин О.С-ийн нуруу руу гараараа 1 удаа цохиж зодсон үйлдэлд 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, биечлэн эдлэх баривчлах шийтгэлийн хэмжээг 17 хоногоор тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.