Төрийн тусгай алба хаагч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй

 

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2025.09.30 2024/ШЦТ/79

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Шүүгдэгч Н.П нь 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Булнай хэсгийн 1900 тоот хашаанд хохирогч Б.А-г “Пиво авч өгсөнгүй” гэсэн шалтгаанаар түүний толгой тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд уруулд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний ар хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэг Н.П-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх талаар сонгож хэрэглэж болохоор зохицуулсан. Шүүгдэгчийн тухайд ............... төрийн тусгай албан хаагчаар ажилладаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл тухайн үедээ хохирогчтой маргалдаж таарамжгүй харилцаанаас болж бие биедээ халдах үйлдэл болж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Энэ хүн өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа бөгөөд гэм буруугаа ухамсарлаад үүндээ дүгнэлт хийж байгаа тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэв. 

 

Үндэслэл нь:

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”-ийг төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болгон хуульчилсан. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч нь тухайн албанд ажиллаж байгаагийн хувьд ямагт уг албаны нэр хүндийг дээдэлж, алба хаагчийн ёс зүйг чанд сахин биелүүлж явах үүргийг хуулиар тодорхойлсон байна.

Мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг хуульчилсан. Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Н.П-г төрийн тусгай албанд ажилладаг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцэхгүй болно.

Шүүх шүүгдэгч Н.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч  П.Доржбал.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: