Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй үндэслэлээр хэргийг буцаав

 

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2025.08.22. 2024/ШЗ/145

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ё.Ж, Э.Д, Д.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч Ё.Ж, Э.Д, Д.Б нарт  холбогдох 2424000420048 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэж дүгнэсэн.

Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт буруугийн хэлбэр, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг бүрэн тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч Ё.Ж, Э.Д, Д.Б нар нь Монгол Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшигч биш бөгөөд хэний ямар эрх ашгийн үүднээс гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдлыг бүрэн нарийн тогтоогоогүй байна. Дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоосноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болон Эрүүгийн хуулийн гуравдугаарт бүлэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрүүд бүрэн тодорхойлогдоно.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Ц “...2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш Ё.Ж нэг үл таних эмэгтэй хүний хамт манайд орж ирсэн. ...Ардчилсан намын хүмүүсийн нэр хэлээд дэмжээд өгөөрэй гээд 50,000 төгрөг өгсөн.” гэж /1-р хх-ийн 172-173, 2-р хх-ийн 170-р хуудас/,

гэрч Н.А “...Би сонгуулийн өдөр Дархан-Уул багийн Соёлын төвийн санал авах байр дотор байхад миний “A N” гэсэн фейсбүүк хаяг руу Ё.Ж нь “4 хүн мөнгө авсан” гэж чат бичсэн. Гэхдээ би Ё.Ж-аас мөнгө авсан 4 хүнийг нь огт танихгүй. Би тэр 4 хүнд ямар намын, хэн гэх нэр дэвшигчийн хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй. Ё.Ж мөнгө өгснөөрөө өөрөө мэдэх байх. ...Над руу чат бичихээр нь хариуг нь бичсэн” гэж /2-р хх-ийн 154-155-р хуудас/ тус тус мэдүүлсэн байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ гэрч Д.Ц-ийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн боловч яллаж байгаа гэмт хэргийн агуулгад  яллагдагч Ё.Ж-г 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хэний хамт Д.Ц-н гэрт орж Ардчилсан намын хүмүүсийн нэр хэлээд дэмжээд өгөөрэй гээд 50,000 төгрөг өгсөн болохыг огт тусгаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед дээрх хоёр гэрчийн мэдүүлэгт үндэслэн уг үйл баримтын талаар нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй байна.

            Иймд яллагдагч Ё.Ж, Э.Д, Д.Б нарт холбогдох 2424000420048 дугаартай эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцааж  шийдвэрлэсэн.

Тойм бэлтгэсэн:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.ДОРЖБАЛ

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.