ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ САНАЛТАЙ ИРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААВ

 

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2025.09.16. 2024/ШЗ/158

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр цэцэрлэгийн ард харанхуй гудамжинд хохирогч Б.Ө-ийн бие эрх чөлөөнд халдаж  эрүүл мэндэд нь зүүн 9, 10, 11-р хавирганы хугарал, зүүн нүдний урд хэсэгт цус хуралт, зүүн доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Уг хэргийн үйл баримтад 2024 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр цэцэрлэгийн ард харанхуй гудамжинд шөнийн 02 цагийн үед хохирогч Б.Ө-г шүүгдэгч Б.М толгой болон цээж хэсэг рүү нь гар, хөлөөрөө цохиж өшиглөсөн, Д.Г толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөж зодсон гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

          Улмаар хохирогч Б.Ө-н эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан эмчийн үзлэгт “...2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Завхан Тосонцэнгэл нэгдсэн эмнэпгийн яаралтай тусламжийн хуудас №2562 дугаартай хуудсанд “…Үндсэн зовиур: толгой өвдөнө, эргэнэ, уруул ам хавдсан цус гарна, хацрын арьс шалбарсан. Үндсэн онош: Уруул ба амны хөндийн ил шарх. Эмч Б.Д,

          2024.09.23-ны өдрийн эмчийн тодорхойлолтод: Зовуурь: Цээжний зүүн доод хэсгээр өвдөнө, зүүн нүд хөхөрсөн, доод уруул хавдана, тархи толгой дүүнгэ оргино. Үзлэг. биеийн еренхий байдал дунд ухаан саруул, байрлал идэвхитэй, глазго 15, хүүхэн хараа 2 талд гэрлийн урвалтай, хэл цэвэр чийглэг, зүүн нудний зовхи, салст хөхөрч улайсан, хавдсан, доод уруулын зүүн талд дотор талдаа зөөлөн эдийн няцралтай, хөхөрч хавдсан байна. Хэвлий зөөлөн тайван, зүүн талын 5, 6 хавирга орчим эмзэглэлтэй суганы урд шугамаар, хавирганы хугарал хавиралдаж сонсогдоно. Захад ил хавангүй. Бусад эрхтэн систем гэмтлийн шинжгүй байна. Онош: Зүүн талын 5-6 хавирганы хугарал, тархи доргих, доод уруулын өнгөц гэмтэл, зүүн нүдний зовхи орчмын өнгөц гэмтэл. Эмч Б.Т,

          2024.09.23-ны өдрийн Тосонцэнгэл сум Нэгдсэн эмнэлгийн Цээжний эгц байрлалын рентген зураг: Уушгины зураглал олширсон өргөсөөгуй синус өрц зүрхний томгүй. Зүүн талд 9-11 хавирга зөрүүгүй хөндлөн хугарлын шугамтай. Эмч Б.А” гэж тус тус тэмдэглэгдсэн байна.

          Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч а/х Б.С-н 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №000000361 дугаартай дүгнэлтэд “...Б.Ө-н эрүүл мэндэд хохирол учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээх үүсгэгдсэн байх боломжтой зүүн 9, 10, 11-р хавирганы хугарал, зүүн нүдний урд хэсэгт цус хуралт, зүүн доод урууланд зөөлөн эдийн няцрал хохирол тогтоогдлоо. Б.Ө-н эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ.

          Уг шинжээчийн дүгнэлтэд эмчийн үзлэгээр тогтоогдсон Б.Өрнөхийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт гэмтлийг огт дурдаагүй бөгөөд дүгнэлтэд тусгагдсан зүүн 9, 10, 11-р хавирганы хугарал, зүүн нүдний урд хэсэгт цус хуралт, зүүн доод урууланд зөөлөн эдийн няцрал хохирлууд нь дангаараа болон нийлээд хохирлын ямар зэрэгт хамаарах талаар ялгаж тусгаагүй байна.

          Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225, А/153, А/85 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 2.6 дугаар зүйлийн 2.6.3-т шинжилгээ хийлгэх этгээд нэг цаг хугацаанд биедээ хэд, хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрээр хохирлыг тогтоох зарчмыг баримтлахаар журамласан байна.

          Дээрх хэргийн үйл баримтаас дүгнэхэд шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ө-н эрүүл мэндэд учирсан гэмтэл тус бүрээр хохирлыг тогтоосноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдохоор байна.    

          Иймд шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шүүгдэгч Б.М-д холбогдох 2424000660094 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

 

 

Тойм бэлтгэсэн:

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.ДОРЖБАЛ

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.