ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ШҮҮХ ХУРАЛДААНЫГ  60 ХОНОГИЙН ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛЖ ШИЙДВЭРЛЭВ

 

Захирамжийн огноо: 2026/03/09

Захирамжийн дугаар: 2026/ШЗ/41

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 Шүүгдэгч Ж.П нь хохирогч Э.Б-ийг намхан гэж хэлсэн гэх шалтгаанаар түүний баруун чамархай хэсэг рүү хайч шидэж, эрүүл мэндэд нь баруун чамархай хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах саналтай байна. Үндэслэл нь шинжээчийн дүгнэлт нь шарх гэмтэлтэй холбоотойгоор гарсан. Бодит байдал дээр хохирогч нь 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш хараа нь муудаад байгаа. Хараа муудсан эсэх, муудсан шалтгаан нь гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг мөн эсэх талаар тодруулах мөн сэтгэцийн хор уршиг гаргуулах шинжээч томилуулах саналтай байна...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж тус тус зааснаар шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэв.

Учир нь насанд хүрээгүй хохирогч Э.Б-ийн хараа муудсан эсэх, хараа муудсан бол хараа муудсан шалтгаан нь шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой эсэх, мөн насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой хор уршиг учирсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж шинжээчийн дүгнэлтийг гаргуулж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.