НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫГ ТАСАЛСАН ЭТГЭЭДЭД ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАВ

 

Шүүгчийн захирамжийн огноо: 2026.03.27

Шүүгчийн захирамжийн дугаар: 2026/ХМШЗ/03

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Ялтан М.Д нь Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/26130017 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хуульд заасан эрх үүргийг танилцуулжээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь М.Д-ийг Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын тамгын газарт өдөрт 8 цагаас ихгүй, ажлын 5 хоногт 40 цагаас багагүй цагаар ажил хийлгэхээр 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын засаг дарга Б.Н-тэй гэрээ байгуулсан байна.

Ялтан М.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж байх хугацаандаа ажлаа дур мэдэн орхисон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоногийн хугацаагаар ажил тасалсан, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд ирсэн болох нь Завхан аймгийн Баянхайрхан сумын засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/32 дугаартай: “...Тус сумын Төөнт багийн иргэн ялтан М.Д нь 03 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд ажлын цагаа бүртгүүлж ажлын байран дээр ирээгүй, 3 сарын 11-ний өдөр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн ирсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст мэдээг дамжуулсан болно...” гэсэн тодорхойлолт, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтантай уулзсан тэмдэглэл, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаарх гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт ”... Ялтан нийтэд тустай ажил хийлгэж байгаа байгууллагын дотоод журмыг зөрчсөн, ял эдлүүлэх нийт хугацаанд ажлаа дур мэдэн орхисон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд ирсэн...” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...эсхүл энэ хуулийн 165.1-д заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солино...” гэж тус тус заасан.

Ялтан М.Д нь 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нийт 128 цаг ажилласан болох нь нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийн цагийн бүртгэл болон хувийн хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байх тул түүний эдлээгүй үлдсэн 272 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 34 хоногийн хорих ялаар сольж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй /8 цаг =1 хоног/ гэж шүүх дүгнэв.

 

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: