ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ХҮН СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ
Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол
Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Прокурорын газраас иргэн Л-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлжээ.
Шүүгдэгч Л нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын “Баян-Ухаа” багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ “IST” загварын 00-00 ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.
Иймд шүүгдэгч Л-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.