-1

Шударга үнэний ДЭНСИЙГ АТГАГЧ

2015-01-27 09:45:19    |   58

\"\"

Шүүх эрх мэдэл бол Монгол Улсын Үндсэн хуулиар баталсан засаглалыг хэрэгжүүлэгч нэг багана. Энэ баганыг тулж босгож буй хүмүүс нь шүүгчид гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Шүүгчийн гаргасан шийдвэрт хэргийн оролцогчдын нэг тал нь баяртай байдаг бол нөгөө тал нь сэтгэл дундуур, гомдолтой үлддэг. Хоёр талын гаргасан нотлох баримт, тэдний мэтгэлцээний дүнд шударга үнэнийг дэнслэн шийдвэр гаргадаг шүүгч, түүний өдөр тутмын ажилд нь чухал үүрэг гүйцэтгэж байдаг шүүгчийн туслахын нэг өдрийн ажлыг энэ удаа сурвалжиллаа. Сурвалжлагын зочид маань Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Азуйсэдийн Мөнхзул, түүний туслах Дашсодномын Гандулам нар юм.

07.00 цаг Хотын хөдөлгөөн эхэлж, ажлын цагтай уралдсан хүмүүс хотын төвийг чиглэж байхад харин эсрэг зүгт явж буй тээврийн хэрэгсэл, хүн цөөн. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүх нийслэлийн урд хэсэгт, хуучнаар Хан-Уул дүүргийн Тамгын газрын байр болон шүүхийнхээ элэгдэж хуучирсан навтгар байрыг ашиглаж буй. \"Нэг өдөр”-ийн зочдын мааны албан тасалгаа нь тус шүүхийн II байр буюу Хан-Уул дүүргийн Тамгын газрын хуучин байшинд. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд шүүгчийн эзэмшиж буй автомашин, холбоо, хувийн орон сууц нь халдашгүй байх заалттай учраас бид зочидтойгоо ажил дээр нь уулзахаар товлосон юм. Ажил цуглахаас урьтаад ирчихлээ хэмээн бодсоор дотогш орвол шүүгч Д.Наранцэцэг, Т.Туяа, Ж.Кульдана нар ажилдаа ирчихсэн компьютерийнхоо ард ямар нэгэн зүйл шивж суулаа.

 

07.10 цаг А.Мөнхзул шүүгчийн туслах Д.Гандулам ажилдаа ирэв. Тэрбээр \"Өчигдөр 23.10 цагийн үед ажлаа дуусаад харьсан. Уг нь жаахан эрт ирье гэж бодсон ч хоцорчихлоо” хэмээсээр өрөөндөө орлоо. Тэрбээр өөр нэг шүүгчийн туслахын хамт тэнд суудаг аж. \"Яагаад 23.00 цаг хүртэл ажилласан юм бэ, тийм орой болтол шүүх хурал хийсэн юм уу” гэсэн асуултад минь тэрбээр \"Харин ч сүүлийн үед гайгүй эрт харьж байгаа. Өнгөрсөн сард жилийн эцсийн тайлан гаргах гээд ачаалал ихтэй үед хонож ажилладаг байсан. Шүүгч явахгүй бол бид эндээ сууж ажлаа хийж л байдаг юм. Манай шүүгч өчигдөр надаас өмнөхөн л гэртээ харьсан. 08.00 цагт ажил цугладаг байхад манайхан чинь 07.00-д, зун эрт гэгээ ордог болохоор 05.30-06.00 цагийн үед шүүгч, туслахууд ирээд ажлаа хийдэг” гэж ярилаа. Энэ хооронд тэрбээр компьютероо асааж, тэмдэглэл бичдэг хуанлигаас өнөөдөр товлосон хурлуудаа харав. Бид өнгөрсөн баасан гаригт сурвалжлагаа бэлтгэсэн бөгөөд \"Харьцангуй ачаалал багатай өдөр ирж дээ. Өнөөдөр шүүгч маань гурван хуралтай байна. Ажлын эхний өдрүүдэд 10-аас дээш хурал хийхээр товлосон байдаг юм” гэлээ. Төмөр шүүгээнээсээ товлосон гурван хурлынхаа хавтаст хэргийг авч, бүрдэл хангагдсан эсэхийг нягтлав. Түүний төмөр шүүгээгээр дүүрэн хавтаст хэрэг хураалттай байсан юм. Өнөөдөр ч хэргүүд нэмэгдэж ирэх байх хэмээн Д.Гандулам тайван инээмсэглэж байлаа.

 

07.30 цаг Шүүгч А.Мөнхзул гаднаас орж ирэхдээ туслахынхаа өрөөгөөр дайрч ирснээ мэдэгдэв. Компьютероо асаан урьд орой нь дутуу орхисон шийдвэр, захирамжаа гүйцээхээр боллоо. Бид ч түүний ажилд саад учруулахгүйн тулд чимээгүйхэн ажиглаж суув.

 

07.40 цаг Хаалга зөөлөн тогших чимээнээр шүүгч зөвшөөрөл өгвөл шүүгчийн туслах ялгаж тавьсан хавтаст хэргүүдээ барьсаар орж ирлээ. Энэ өдөр шийдвэрлэхээр товлосон гурван хэргийнхээ бүрдлийг нягтлуулав. Хэргийн бүрдэл хангагджээ. Дараа нь мөн хэрэг үүсгэх, шүүх хурлаар хэлэлцүүлэх тогтоол, захирамжуудынхаа төслийг нягтлуулахаар оруулж ирснээ танилцуулан ширээн дээр нь тавилаа. Ажилдаа ирэхэд нь хоосон шахам байсан ширээн дээр 13 хэргийг өрлөө. Хажуугаар нь хэрэг хянан шийдвэрлэх өдөр тутмын ажиллагаанд нь хэрэг болдог хуулийн эмхтгэлүүд ч өрөөстэй. Овоолоостой энэ их \"цаасаа” хэзээ уншиж дуусгаж, ард нь гарна даа хэмээх сэтгэгдэл төрж байснаа нуух юун.

 

08.00 цаг Д.Гандулам өөрийнхөө өрөө рүү явж шүүгч өмнө хийж байсан ажлаа үргэлжлүүлсээр үлдлээ. Туслахынхаа бичиж ирсэн иргэний хэрэг үүсгэх, хэргийг шүүхээр хэлэлцүүлэх тогтоол зэрэгтэй танилцаж, үг үсэг, утга найруулга, хуулийн нэр томъёо, заалт зэргийг нэг бүрчлэн нягтлах нь дунд сургуулийн багш лугаа санагдав. Нэг хуудсыг 3-5 минут уншиж, алдаа багатайд нь гарын үсэг зурахад бэлтгэн хэвлүүлэх, алдаатай хуудсыг дахиж бичүүлэх гээд оюуны асар их хөдөлмөр гаргаж буй нь илт. Шүүгч А.Мөнхзул Архангай аймгийн уугуул нэгэн. 22 настайдаа ЗХУ-ын Кубанийн их сургууль төгсөж, хуульч мэргэжил эзэмшжээ. Ингээд унаган нутгийнхаа шүүхэд ажиллах болж. Тухайн үеийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн тухай хуульд 23 насанд хүрсэн хүн шүүгчээр томилогдож болох хуулийн заалттай байсан учраас нэг жил шүүхийн нарийн бичгийн даргын ажил хийсэн гэнэ. 23 насны төрсөн өдрийн маргааш нь шүүгчээр томилох тушаал гарснаас хойш 20 гаруй жил үнэн худлын дэнсийг атган шударга үнэнийг тогтоохын төлөө ар гэрээ умартах нь холгүй ажиллаж буй юм байна.

 

08.20 цаг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд тогтсон нэг ажил нь баасан гариг бүрт болдог шүүгчдийн зөвлөлгөөн. Энэ өдрийн үдээс өмнө тус шүүх хурал зарладаггүй нь үүнтэй холбоотой аж. Шүүгч нар нь 08.30 цагаас урьтан зөвлөлгөөний танхим руугаа яаравчлах бөгөөд хэрэв нэг л минут хоцорвол тасалсанд тооцох жаяг энд тогтжээ. Тиймээс бүх шүүгч 08.20-08.25 цагийн дотор шүүгчдийн зөвлөлгөөний танхимд цуглацгаасан байлаа. Тогтсон цагаас хоцрохгүйгээр бүгд цуглан 08.30 цагт зөвлөлгөөн эхэлсэн нь шүүгчид ажилдаа ямар хариуцлагатай ханддаг, хууль, тогтоосон дүрэм журмаа яаж биелүүлдэг нь харагдаж байлаа. Энэ өдрийн зөвлөлгөөнөөр хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, зарим тогтоол, шийдвэр, тоймыг шүүгч нарт танилцуулав. Хамгийн эхэнд хянаж буй зарим хэргийн хугацааг сунгах эсэх талаар зөвлөлдөө. Шүүх аливаа нэхэмжлэл, гомдлыг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх эсэхээ шийдвэрлэдэг. Хэрэг үүсгэсэн тохиолдолд 30-60 хоногийн хугацаанд хэргийг хэлэлцдэг хуультай. Гэвч нотлох баримт цуглуулах, ялангуяа төрийн байгууллагуудаас баримт гаргуулах, шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, баримт, дүгнэлт хугацаандаа ирэхгүй байх, өмгөөлөгч, хэргийн оролцогч талууд элдэв хүсэлт гаргах зэргээс шалтгаалан 60 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэж чадахгүй байх тохиолдол нэлээд гардаг. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүх өнгөрсөн баасан гаригт дээрх байдлаар хугацаа сунгах шаардлагатай болсон 29 хэргийг хэлэлцэж, хянаж буй шүүгч нар нь яагаад хугацааг нь сунгуулах шаардлагатай болсон талаараа нийт шүүгчдэдээ танилцууллаа. Манай зочин А.Мөнхзул шүүгчид ч хугацааг нь сунгуулах шаардлагатай нэг хэрэг байж. Хэргийн хариуцагч компанийн захирал нь гадагшаа явах болсон тухайгаа мэдэгдэж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, онгоцны тийз, виз, паспортын хуулбар зэргээ хавсаргасан байв. Үүнийг нь шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцээд 30 хоногоор сунгахаар тогтлоо. Шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцсэн дараачийн асуудал нь Улсын Дээд шүүхээс 2014 оны арванхоёрдугаар сарын 23-нд гаргасан \"Арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцоо”, \"Гэм хор учруулснаас үүсэх үүрэг хариуцлага, хүлээх үндэслэл”, \"Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийн талаар анхаарах асуудал” гэсэн гурван тойм, зөвлөмжийг хэлэлцлээ. Дээд шатных нь шүүхээс гаргасан эдгээр тойм, зөвлөмж нь анхан шатны шүүхийн шүүгч нарт цаашид хэрэг хянан шийдвэрлэхэд тус нэмэр болохуйц санагдав. Анхан шатны шүүхэд ажиллаж буй шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарын олонх нь 30 хүртэлх насны залуус. Цөөнгүй нь гэр бүлээ зохиож амжаагүй гэдэг нь харагдаж байлаа. Тиймдээ ч шүүхийн нөр их ажлыг амжуулахын тулд шөнө дөл болтол суух, заримдаа хонох, бэлэн гоймонгоор өл залгуулан ажиллах үе ч бий. Гэсэн хэдий ч тэдний цалин маш бага. Гэвч тэд цалин бага гэж гомдол нэхэхгүй өөрт ногдсон асар их үүрэг хариуцлагатай ажлаа хийсээр байна. Тэдний ажлын ачаалал, цалин ахуй хангамжийн талаар шүүгч нар нь ч сайн мэддэг юм билээ. Энэ удаагийн зөвлөлгөөнөөр шүүгч ажилтнуудад тэмдэглэлт өдрүүд, гэрлэх ёслол, хурим, үйл явдал болон ар гэрт нь гачигдал тохиолдсон үед хэрхэн туслалцаа үзүүлэх талаар журам гаргасан нь ч үүнтэй холбоотой болов уу. Шүүгч нар нөр их ажлынхаа хажуугаар стресс ядаргаагаа тайлах зорилгоор спортын өдөрлөг зохион байгуулахаар шийдэж, энэ сарын 31-нд Цасны баяр хийхээр төлөвлөн хөтөлбөр боловсруулахаар боллоо. Мөн 2014 онд тус шүүхээр шийдвэрлэсэн бүх хэрэг маргааны шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тогтоол, захирамжийг судлах баг гаргалаа. Манай зочин шүүгч А.Мөнхзул шүүхийн шийдвэрийг судлах багт томилогдсон юм.

\"\"

10.20 цаг Шүүгчдийн зөвлөлгөөн тарж, шүүгч нар тус тусынхаа өрөөнд орохоор ирэх үед туслахууд нь хаалган дээр нь тосоод угтав. Д.Гандулам ч бусдынхаа адил шүүгчээ тосон ирээд 2014 оны арванхоёрдугаар сард шийдвэрлэсэн, архивт өгөх хэргүүдээ танилцуулан, 20 гаруй хавтаст хэрэг ширээн дээр нь үлдээлээ. Жил бүрийн хоёрдугаар сарын 1-ний дотор өнгөрсөн онд шийдсэн хэргээ архивт өгөх ёстой аж. Ингээд түүний ширээн дээрх хавтаст хэргүүд дахиад л нэмэгдсэн юм. Энэ зуур аяга кофе уух зуур цахим мэдээллийн хуудсуудад хандаж улс орон, дэлхий дахинд болж буй үйл явдлын талаарх мэдээлэлтэй зэрвэс танилцаж амжив.

 

10.40 цаг Д.Гандулам өөрийнхөө өрөөнд ороход үүдэнд нь 5-6 хүн хүлээж байв. Өрөөнд нь ч хоёр хүн хавтаст хэргийн материалтай танилцаж, тэмдэглэл үйлдэж суулаа. Умгархан (хааш хаашаа хоёр метр болов уу) өрөөнд нь олон хүн багтахгүй учраас хэрэг, материалтай танилцах гэж ирсэн хүмүүсийг шуурхай хүлээн авч, танилцуулахгүй бол дараачийнх нь ирээд бухимдаж, шүүх хүнд сурталтай хэмээх дүгнэлтэд хүрч болзошгүй учраас тэрбээр хүн нэг бүрт л хүрч үйлчлэхийг зорино. Тэрбээр \"Өнөөдөр харьцангуй цөөн хүн байна. Долоо хоногийн эхний өдрүүдэд нэг дор 10-аас дээш хүн л энд цуглаж хэрэг, материалтай танилцана, хүсэлт гаргаснаа өгнө” гээд багтаж шингэхгүй үе ч гардаг юм” хэмээж байлаа. Д.Гандулам энэ их завгүй ажлынхаа хажуугаар гар утсаараа ч зогсолтгүй ярина. Хувийн ажил бус, хэргийн оролцогчдод шүүх хурлын тов танилцуулах, нэхэмжлэл хүсэлт, шаардлага нэмэгдэж ирсэн талаар хэлээд, ирж танилцахыг сануулах гээд ажлаа хийх юм билээ. Цалин багатай шүүгчийн туслахын нэгжний мөнгийг төсөвт нь суулгаж өгдөг л байгаа даа гэх бодол төрж байснаа нуух юун.

\"\"

11.00 цаг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхийн Мэдээлэл лавлагааны ажилтан ирсэн нэхэмжлэл, гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан хэргийн хөдөлгөөний стандартын дагуу шүүгч тус бүрт нэрсийн дарааллаар хуваарилдаг аж. Энэ өглөө А.Мөнхзул шүүгчид гурван өргөдөл хуваарилагдсаныг шүүгчийн туслах Д.Гандулам танилцуулахаар оруулж ирлээ. Шүүгч дээрх гомдлуудыг хянаж үзээд нэхэмжлэл нь шаардлага хангахуйц, дотор нь хавсаргасан материалууд нь хуульд нийцсэн гэж үзээд иргэний хэрэг үүсгэх захирамжийн төсөл бичүүлэхээр Д.Гандуламд өглөө. А.Мөнхзул шүүгчид энэ өдөр хуваарилагдсан нэхэмжлэл, гомдлын дийлэнх нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс мөнгө нэхэмжилсэн утгатай байв.

 

11.30 цаг Хэн нэгэн хүн хаалга зөөлөн цохиж зөвшөөрөл хүсээд орж ирсэн нь зэргэлдээ өрөөний шүүгч Т.Туяа аж. Тэрбээр долоон шүүгчийн хамт өнгөрсөн онд хэлэлцсэн хэргүүдийнхээ шийдвэрт дүгнэлт гаргах багийн ахлагч нь аж. Тэд хуралдаж, шийдвэрүүдээ хуваарилж авах талаараа ярилцахаар болсноо хэлж, өрөөндөө урихаар ирсэн нь энэ аж. Ингээд түүний өрөөнд нэг баг болсон шүүгч нар цуглан өнгөрсөн онд шийдвэрлэсэн хэргийн шийдвэрүүдийн боловсруулалтад ямар алдаа дутагдал байгаа, ямар шинэ санаа дэвшүүлсэн талаар судлахаар болж хүн тус бүр 250 хуудастай хоёр хавтас материал авцгаасан юм. Улмаар хоёрдугаар сарын 2-нд эргэн цуглаж, дүгнэлтээ танилцуулж, 6-нд нь шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэхээр тогтлоо. Энэ ажил нь 2015 онд тус шүүхийн төлөвлөсөн ажлын нэг юм. А.Мөнхзул шүүгч хоёр хавтас шийдвэртэй танилцах гэж авснаар ширээн дээрх хавтаст материал, хэргийн тоо дахиад л нэмэгдлээ. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд 2014 оны зургадугаар сараас өмнө 17-18 шүүгч ажиллаж нэг шүүгчид 90-140 хэрэг хуваарилагдаж байж. Харин өнгөрсөн оны долоо, есдүгээр сард нийт есөн шүүгч томилогдон иржээ.

 

12.30 цаг Д.Гандулам шүүх хуралд оролцох нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй утсаар ярилцан цагтаа ирэхийг сануулав. Нэхэмжлэлийг буцааж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төсөвт үлдээх хуулийн заалттай. Гэвч түгжрэл хэмээх нийгмийн үзэгдлээс болж товлосон хугацаанаас хожимдож ирэх явдал бий. Тиймээс л шүүгчийн туслах байн байн ингэж сануулдаг юм байна.

 

13.15 цаг Шүүгч энэ хооронд үдийн цайгаа ууж амжжээ. Харин Д.Гандулам хараахан амжсангүй. Шүүгээнээсээ ирэх долоо хоногт хэлэлцэхээр товлосон 14 хэргийг ялган хэргийг нь уншуулж, танилцах боломжоор хангахаар ширээн дээр нь авчирч тавилаа. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүх өнгөрсөн онд 11.366 нэхэмжлэл хүлээн авч, 7869-д хэрэг үүсгэн шийдвэрлэжээ.Харин манай зочин А.Мөнхзулд 11.366-гийн 472 нь хуваарилагдаж, 348-ыг нь хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Өдгөө түүний хяналтад 64 хэрэг байгаа аж.

 

13.30 цаг Манай зочны энэ өдөр товлосон эхний шүүх хурал эхлэх цаг болжээ. Хурлын танхимд шүүх хурлын нарийн бичгийн дарга А.Дөлгөөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батдорж нар сууж байлаа. Иргэн М нэгэн компанитай гэрээ хийж тоног төхөөрөмжөө ашиглуулсан аж. Гэвч тухайн компанийн захирал Д.Р нь төлбөрөө төлөхгүй алга болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан нь А.Мөнхзул шүүгчид хуваарилагдаж. Шүүх энэ хооронд ажиллагаа хийж, УБЕГ-аас хариуцагч Д.Р-гийн хаягийг авч шүүхэд ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч уг хаягт байдаггүйг тухайн хорооны Засаг дарга нь тодорхойлжээ. Шүүх хурлын ирцтэй танилцсан шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх, үүргийг нь танилцуулж хурлаа эхлэв. Хариуцагч Д.Р нь оршин суугаа хаягтаа байхгүй учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар болж хүсэлт гаргасныг шүүх хэлэлцлээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батдорж \"Гэрээний үүргийн биелэлтийг хангуулахын тулд нэхэмжлэгчийг эрэн сурвалжилж өгнө үү” гэсний дагуу хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч Д.Р-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж буйгаа танилцуулж, тус хуулийн 155 дугаар зүйлд зааснаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, Тахарын албанд хариуцагч эрэн сурвалжлахыг даалгалаа.

 

13.45 цаг Шүүхийн үйл ажиллагааны бас нэг чухал үүрэг гүйцэтгэгч бол хуралдааны нарийн бичгийн дарга. А.Мөнхзул шүүгчийн хуралд оролцсон А.Дөлгөөн бол хоёр шүүгчийн дунд ажилладаг аж. Шүүгчдийн туслахыг бодвол арай том өрөөнд 5-6 хүн сууна. Бүгд чихэвч зүүгээд ямар нэг зүйл сонсоно. Ажлыг нь ойлгож, мэдэхгүй хүн бол \"Хийх ажилгүй залуус чихэвчээр хөгжим сонсоод, тоглож байна” хэмээн хардахаар. Гэвч тэд таны төсөөлснөөс өөр зүйл хийж, дуу хураагуурт буулгасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгийг өөрийнхөө бичсэнтэй тулган сонсож буй нь тэр. Хоёр шүүгч дундаа нэг нарийн бичгийн даргатай учраас шүүх хурлаа ээлжлэн товлодог гэнэ. А.Мөнхзул шүүгч даваа, лхагва гаригт хурлаа товлодог бол мягмар, пүрэв гаригт нөгөө шүүгч нь хурлаа товлон нарийн бичгээ дундаа гүйлгэдэг аж.

\"\"

14.30 цаг А.Мөнхзул шүүгчийн товлосон хоёр дахь шүүх хурал эхлэх цаг болжээ. Д.Гандуламын өрөөнд хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар ирж бие биенээ \"үгээр идэж”, муудалцаж байтал цаг болсон учраас шүүх хурлын тавдугаар танхимд орууллаа. Нэхэмжлэгч Г шүүхэд \"Түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаанаас өмнө намайг сууцнаасаа хөөж гаргасан. Тиймээс илүү төлсөн болон машин байрлуулсан хэмээн нэмж авсан мөнгөө нэхэмжилжээ. Мөн цахилгааны төлбөрөө хариуцагчийн өмнөөс төлж байсан учраас уг мөнгөө ч нэхэмжлэн гомдол гаргажээ. Хариуцагч хүүхэд асрах төвд эмчээр ажилладаг А \"Би уг мөнгийг төлөхгүй” хэмээснээр маргаан үүсэж, шүүхэд хандсан юм байна. Шүүх хурлын үеэр нэхэмжлэгч ч тэр, хариуцагч ч ялгаагүй хэрэгт хамааралгүй зүйл ярьж, эрүүгийн хэргийн шинжтэй зодоон цохионы талаар ч мэдүүлж байлаа. Нэхэмжлэгч нь хоолой зангируулан тайлбар өглөө. Хэдийгээр шүүхэд мэдүүлэг тайлбар гаргах эрх нь нээлттэй ч иргэний хэрэг бус эрүүгийн хэргийн шинжтэй үйлдлүүд ярьж байгаа учраас шүүгч гол зүйл рүү нь хэн хэнийх нь мэдүүлгийг чиглүүлж байв.

 

15.00 цаг Шүүх хурал завсарлаж, шийдвэрээ гаргахаар боллоо. Нэхэмжлэгч шүүхэд хангалттай нотлох баримт гаргаагүй учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөний тодорхой хэсгийг буцаан олгохоор шийдвэрлэжээ. Уг шүүх хурал хаасныг мэдэгдэж алх цохимогц дараачийнх нь хурлын оролцогч залгаад орж ирлээ. Монгол Улсын томоохон компани ажилчнаа хууль бусаар халсан гэх гомдлыг нэхэмжлэгч С гаргасан байна. Түүний өмгөөлөгч хуралд ирсэн нь хариуцагч талаас ямар ч төлөөлөгч байсанг үй. Д.Гандулам шүүх хурлаас өмнө шүүгчид компанийн ерөнхий захирлын гаргасан хүсэлтийг танилцуулсан бөгөөд хурлын үеэр хэлэлцэхээр болсон юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн нэгийнх нь ар гэрт гачигдал гарч, хөдөө орон нутаг руу явсан учраас хойшлуулах хүсэлт тавьсныг хурлын үеэр шүүгч танилцуулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч \"Гачигдал гарсан учраас хүсэлтийг хүлээн авъя” гэснээр шүүх хурлыг ирэх сарын 4-ний 13.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүгч гаргалаа. Шүүх хурлын танхимтай зэрэгцээ орших хурлын танхимд нэг хурал үргэлжилж байсан бөгөөд нэгэн эр чанга чанга хашгичиж байв. Хурал даргалагч шүүгч нь \"Та согтуу байгаа юм уу” гэх асуултад мөнөөх эр \"Тийм. Би зүрх өвдөөд архи уусан юм” хэмээн агсамнах нь сонсогдов. Уг нь иргэний хэргийн нэхэмжлэгч эр шүүхийг үл хүндэтгэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хурлын танхимд орж байгаад шүүхийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй Тахарын албаныхан анхаармаар санагдсан. Энэ үеэр шүүгч хурал завсарлах шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийг дараагийн удаад ийм байдалтай ирэхгүй байхыг сануулан хойшлууллаа.

 

16.00 цаг Шүүгчийн туслах Д.Гандулам дөрвөн хэргийн хариуцагчид нэхэмжлэлийг танилцуулан нэг хувийг нь гардуулан өглөө. Шүүхийн тухай багц хуульд батлагдан гарч, шүүгчийн эрхэнд халдахаас урьдчилан сэргийлсэн Нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болоод жил гаруй болж буй. Хуульд заасан энэ ажлыг шүүгчийн туслах нь нэхэмжлэгч, хариуцагч нараар бөглүүлдэг юм байна. Үдээс хойш түүний өрөөнд мөн л 10 гаруй хүн ирж хэргийн материалтай танилцсан бөгөөд дээрх цагт таван хүн хэргийн материалтай танилцаж байв. Мөн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбараа бичгээр ирүүлсэн хүмүүстэй уулзаж хүлээн аваад явуулсан хүн цөөнгүй.

 

16.30 цаг Шүүхэд ирж тайлбар гаргахыг мэдэгдсэн зарлан дуудах хоёр хуудас бичсэнээ Д.Гандулам бичиг хүргэгчид өгөв. Энэ өдөр бичсэн найман мэдэгдэх хуудсынх нь сүүлчийн гэж хэлж болохоор. Мөн шүүх хурлын товыг зарласан зургаан хуудсыг бичиг хүргэгчээр холбогдох байгууллагад хүрг үүлжээ. Нотлох баримт гаргуулахын тулд дөрвөн байгууллагад албан бичиг, захирамж бичиж явуулсан байв.

 

16.50 цаг Шүүгчийн туслах Д.Гандуламтай хамт А.Мөнхзул шүүгчийн өрөөнд очлоо. Ингэхдээ Д.Гандулам шинээр хоёр нэхэмжлэл хуваарилагдсаныг шүүгчдээ танилцуулахаар орсон юм. Дээр өгүүлсэнчлэн бас л зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гомдол нэмж иржээ. Шүүгч нэхэмжлэлтэй танилцаад нотлох баримт, улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн эсэх гээд шаардлагатай бүхий л зүйлийг хянаж үзээд иргэний хэрэг үүсгэх тогтоолын төсөл гаргахаар туслахдаа хүлээлгэн өглөө.

 

. . .