Шүүгчдийг яагаад “шүүгч” гэсэн юм бэ?
2015-10-13 10:09:57 | 71барилгын асуудал хотын захиргаанаас газар олгоогүйн улмаас \"0” хувьтай, Яармаг дахь шүүхийн хоёрдугаар цогцолборын ажил дөнгөж хундаамаа цутгаад зогссон байдалтай. Хямралтай жил гэдгээр шалтаглан энэ оны төсөвт нэг ч төгрөг суулгаагүй. Он гарсаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Цэц дээр унаж, тойргийн нэг, хоёрдугаар шүүхийг дүүргүүдийн нэрээр нэрлэсэн ч гэлээ шүүхийг тойргийн системд оруулсан хуулийн үндсэн зарчим хэвээрээ. Нийслэл даяар эрүүгийн болон иргэний анхан шатны шүүх ердөө хоёрхон. Тиймээс хөрөнгө мөнгө гачлантай байлаа ч шүүхийг сууриар нь шинэчлэх хуулийн бодлого, Ерөнхийлөгчийн санаачлага хэвээрээ бол эхэлсэн ажлаа дуусгах л хэрэгтэй болох нь. Дутуу орхих нь огт эхлээгүйгээсээ илүү муу ур дагавартай гэдгийг саяхан болоод өнгөрсөн нээлттэй шүүх хурал бэлээхэн харуулсан.
Шүүх хурал бүтэн таван өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргасны дараа салбарын зарим хүмүүсийн зүгээс \"Шүүх хурлыг манайх шиг телевизийн сериал аятай хэд хоног үргэлжлүүлэн үзүүлдэг улс орон хаана ч байхгүй. Тэр өндөр хөгжсөн гээд байгаа Англи, Америкт чинь хүртэл шүүх хуралдааныг зөвхөн зургаар үзүүлдэг юм” хэмээн цэцэрхэж байна. Тийм бол тийм л биз. Тэгвэл манайд болохгүй гэсэн хууль нь хаана байна. Тэгж яривал бусад орнуудад зөвхөн ганц шүүх хуралдааныг дагнан нэвтрүүлдэг бүхэл бүтэн суваг хүртэл байдаг юм гэсэн. Тэднээс суралцаж яагаад болдоггүй юм. Харин ч манай иргэд бүтэн хоёр жил мэдээллээр \"бөмбөгдүүлээд” олж авч авч чадаагүй шүүхийн шинэчлэлийн талаарх мэдлэг, мэдээллээ таван өдрийн шүүх хуралдааны шууд дамжуулалтаас бүрэн олж авсан гэж болно. Олзуурхах юм тэр. Шүүх нээлттэй байснаараа хараат бус байдал нь алдагддаг гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Харин ч хаалттай байдлын ард хэн, яаж сонирхлоо шургуулж байхыг хэн мэдлээ.
Яах вэ, шүүх хуралдааныг шууд дамжуулснаас болоод \"гэрч нар тус тусдаа мэдүүлэг өгөх гэсэн хуулийн заалт зөрчигдсөн, бүх гэрчүүд бие биенийхээ мэдүүлгийг зурагтаар харж байгаад нэг амаар мэдүүлэг өгсөн” гэж ярьдаг л юм. Гэвч энэ нь ганц телевизийн шууд дамжуулалтаас болсон гэж хэн хэлсэн юм. Гэрчийн аюулгүй байдлыг хангах, бие биенээсээ хамааралгүйгээр тус тусад нь мэдүүлэг өгүүлэх энэ тэр бол яах аргагүй шүүхийн өөрийнх нь хариуцах асуудал. Наад зах нь гэрчүүдийг шүүх танхимд болж байгаа мэтгэлцээнийг үзэх боломжгүй, тус тусдаа өрөөнд байлгаж байгаад нэг нэгээр нь дуудаж мэдүүлгээ авсан бол тийм байдал үүсэхгүй л байсан шүү дээ. Энд дахиад л өмнө өгүүлсэнчлэн шүүхийн өөрийнх нь стандартыг хангасан шүүхийн барилгын асуудал хөндөгдөж байгаа юм. Түүнээс биш хүүхдийн цэцэрлэгт шүүхээ оруулчихаад \"та нар хүний эрх хангасангүй, шүүх хаалттай байна” гээд зодоод байвал юу болох вэ.
Шүүхийн талаар шүүмжлэл гарах тоолонд \"Шүүгчид хараат бус ажиллаж чадахгүй юм бол яах гэж ийм өндөр цалин авдаг юм бэ” гэдэг асуудал хөндөгддөг. Тэр байтугай УИХ-ын нэр бүхий гишүүд хүртэл ил, далдаар \"Өндөр цалинтай байж шударга ажиллана гэдэг худлаа. Тэгвэл 500 мянган төгрөгийн цалинтай эмчид хүний амь яаж даатгах юм. Шүүгчийг цалинг хасья” гээд уриа лоозон болоод, өдөөн турхираад явж л байсан. Магадгүй, УИХ-ын гишүүний цалин сая 500 мянга байхад шүүгчийн цалин 2,7 саяас эхэлж байгаад зарим нэг нь гомддог байх. Ялангуяа \"төрийн өндөр албан тушаалтан” гэж тал засаад, халдашгүй байдал энэ тэр яриад эхлэхээр.
Гэвч үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн гэдэг зүгээр л сонгогдсон иргэн. Тэр нөхөр УИХ-д сонгогдохын тулд ямар боловсролын шалгуур туулж, ямар ур чадварыг эзэмшсэн бэ гэдгийг нэг бүрчлэн нягтлаад үзвэл зарим нь ч хөгийн л юм болно доо. Дунд сургуулийн боловсролтой зураач хууль тогтоогоод сууж л байгаа шүү дээ. Учир нь сонгууль гэдэг мэргэжил, ур чадвараасаа үл хамаараад сонгогчдод буюу олон нийтэд таалагдсан хэн ч байсан гараад ирдэг тийм л тогтолцоо. Хувийнхаа мэдрэмжийг л ярьсаар байгаад сонгогдоно. Сонгогдсон хойноо ч санаанд орсноо ярьж, сурсан дуугаа дуулж яваад л буцна. Юу бүтээж, юуг үгүй хийв гэдэг хариуцлагыг хэн ч тэдэнтэй ярьдаггүй. Олон нийтэд таалагдаж гэмээн суугаад байна, таалагдахгүй боллоо гэвэл яваад өгнө. Гүйцээ.
Харин шүүгч гэдэг тэс ондоо ажил, хуульч мэргэжлийн хамгийн өндөр карьер. Шүүгч бол нийгмийнхээ шударга ёсны хэмжүүр, хар цагааны дэнс нь. Шүүгчийг \"шүүгч” гэж нэрлэсэн учир тэр. Шүүгчийн алхан дор хүний хувь заяа, амь нас, эд хөрөнгө, эрх чөлөө шийдэгддэг. Тиймээс л шүүгчийг бусад бүх хуульчаас илүү мэргэжил, ур чадвартай байхыг шаарддаг. Ядаж л мэтгэлцэж байгаа өмгөөлөгчөөсөө дор мэдлэг, мэргэжилтэй шүүгч байж болохгүй ээ гэдгийг өнгөрсөн удаагийн нээлттэй шүүх хуралдаан харууллаа шүү дээ.Тиймээс л шүүгчийн цалинтай маргадаг улс дэлхийд байдаггүй юм гэсэн.
Сүүлийн бараг 10-20 жил бид ”Шүүхэд цус ойртсон байна. Ах дүү, хамаатан саднаараа нийлж \"хэрэг цавчдаг” гэнэ. Шүүгчийн туслах, нарийн бичгээс өөр хэн ч шүүгч болдоггүй юм байна. Шүүхэд салхи оруулах цаг болжээ” гэж сонссоор, ярьж, бичсээр ирсэн. Тэгээд 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын хуулийг батлахдаа шүүгчийг сонгон шалгаруулдаг журмыг өөрчилсөн. Зөвхөн шүүх таслах ажиллагаанд оролцдог хэсэг буюу өмгөөлөгч, шүүгч, прокурор гурвыг хуульч гэж нэрлэнэ. Хуульчдийн холбоо энэ хүмүүсээс хуульчийн мэргэжлийн шалгалт авч, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл буюу лиценз олгоно. Тэдэн дундаас зөвхөн шүүгчийг ийм ийм шалгуураар сонгон шалгаруулна аа гээд. Нөгөө их \"цус ойртолтыг” бий болгоод байгаа шүүгчийн туслах, нарийн бичгүүд ч гэсэн шүүгч болохын тулд эхлээд хуульчийн мэргэжлийн шалгалтад орж, хуульчийн лицензээ авсан байх шаардлагатай. Дараа нь хуульд заасан нөхцөл шалгуурыг хангасан тохиолдолд шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцоно. Одоо Монгол Улсын хэмжээнд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх авсан 4700 хуульч байна гэж үзвэл тэдний хамгийн сор болсон 400-500 нь л шүүгчээр ажиллах нь л дээ.
Өнгөрсөн нэг жилийн дотор ШЕЗ сонгон шалгаруулалт явжуулж 100 гаруй шүүгчийг шинээр томилжээ. Гэвч тэдний дотор нөгөө л шүүгчийн туслах, нарийн бичгээр ажиллаж байсан нөхдүүд зонхилсон байна. Өмнөхөө бодвол ядаж л хуульчийн гэрчилгээтэй. Харин мэргэжлээрээ гайгүйд тооцогддог үнэ цэнэтэй өмгөөлөгчид, том компанийн хуулийн зөвлөхүүд шүүгчийн албан тушаалыг огтоос сонирхоогүй байна. Дахиад л нөгөө цалинтай нь холбоотой. Хамгийн ачаалал багатай үедээ сарын 7-10 саяын орлоготой ажилладаг сайн өмгөөлөгч нар, 10 саяас дээш цалинтай хуулийн зөвлөхүүдэд бол өдөр шөнөгүй хэрэг уншаад, дээрээс нь хувийн эрх чөлөөгөө бүрэн хасуулдаг шүүгчийн карьер сонин биш байна. Тиймээс арай орлого багатай, алдаг оног хэрэг авдаг өмгөөлөгч нар, эсвэл шүүхийн захиргаанд ажиллаж байсан нөгөө нөхдүүд олонхи болж сонгон шалгаруултад оролцжээ. Тэдэн дотор өөрийг нь шүүх бүрэлдэхүүнд томилсон шүүхийн захирамжаа хайгаад олдоггүй нөгөө \"дурак” ч магадгүй байгаа л даа. Мэдээж захирамж бол байсан байх. Гэхдээ туршлагатай, тактиктай өмгөөлөгчийн асуултад тэгж бүдэрч, барьц алддаг нь л буруу байхгүй юу.
Сингапур улс өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хууль шүүхийн системээрээ гайхуулдаг, тэр чинээгээр гаднын хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр татдаг орон. Сингапурчууд авлигатай тэмцэхийн тулд хамгийн түрүүнд шүүгч нарынхаа цалинг нэмсэн байдаг, сарын 80 мянган ам.доллар. Жилдээ сая ам.долларын цалинтай шүүгчийг хэн, юугаар худалдаж авах юм бэ. Тиймээс шүүгчийн цалин өндөр байна гэдэг улиглал бол худлаа шүү. Харин ч хамгийн сайн шүүгчийг олохын тулд хамгийн өндөр цалин хэрэгтэй.
2015 оны байдлаар шүүхийн төсөв улсын нийт төсвийн ердөө 0,8 хувийг эзэлж байгаа. Үүн дотор одоо ажиллаж байгаа 470 гаруй шүүгчийн цалингийн эзлэх хувь бол бүр өчүүхэн. Шүүх, хуулийн засаглал илүү хөгжсөн орнуудад бол шүүхийн төсөв нь нийт төсвийнхөө 3-5 хувьтай тэнцдэг байна. Тэгэхээр манайх шүүх, хуулийн засаглалыг өнөөдрөөсөө арай өөр түвшинд авч явья л гэж байгаа бол шүүхийн төсвийг нийт төсвийн ядахдаа хоёр хувьд хүргэх хэрэгтэй болох нь. Ингэж чадвал нөгөө дуусдаггүй барилгууд нь ч гэсэн зэрэг зэрэг босоод ирэх биш үү?
Жич: Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйл, \"Ерөнхий зөвлөлийн даргын бүрэн эрх” хэсэгт \"Ерөнхий зөвлөлийг төлөөлж өөрийнбүрэн эрхэд хамаарах асуудлаар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, холбогдох бусад байгууллага, албан тушаалтантай харилцах,УИХ-ын нэгдсэнчуулган,Байнгын хорооны хуралдаан, Засгийн газрын хуралдаанд Ерөнхий зөвлөлийн байр суурийг илэрхийлэх, асуудлыг шийдвэрлүүлэхэрхтэй” гэсэн байна. Энэ бүрэн эрхэд \"шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж, шүүхийг боловсон хүчний бодлогоор хангах” үүрэг нь ч бас хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгчийн цалин, шүүхийн төсвийг шийдэхдээ ШЕЗ одоогийнх шигээ УИХ, Засгийн газрыг царайчилдаг, нөгөөдүүл нь зөрүүлээд \"Цалинг чинь нэмсэн, буцаагаад авсан ч чадна” гэх байдлаар эрхшээлдээ байлгах гэж зүтгэдэг нь буруу байна аа л гэсэн үг. Энэ ч бас шүүхийн хараат байдал мөн. Дутуу орхих нь огт хийгээгүй байснаасаа ч илүү муу үр дагавартай.
Эх сурвалж: www.news.mn