ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
2015-03-04 10:24:57 | 68 ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
1. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага
Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгохыг зорьж 2012 онд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан.
Энэ хуулийн гол үзэл баримтлал болох шүүхийн иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд орж, шүүгчийн нэгэн адил шүүн таслах эрхтэй байх тухай Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 3.4, 9 дүгээр зүйлийн 9.3, 12 дугаар зүйлийн гарчиг болон заалтад орсон \"...шүүх бүрэлдэхүүнд...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчинесдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 тоот шийдвэрээр хүчингүй болгосон.
Хуулийн гол үзэл санаа хүчингүй болсон хэдий ч өмнө нь шийдвэрлэх гарцгүй байсан, олон тулгамдсан асуудлыг нэг мөр шийдэх шийдлийг агуулсан анхны материаллаг бие даасан хуультай болж чадсан нь том ололт юм.
Энэ ололтын зэрэгцээгээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчийг өмнөх шиг хэлбэр төдийхөн, ач холбогдол багатайгаар шүүх хуралдаанд оролцох тэр тогтолцоо руу буцан орж, хуулийн зарим зохицуулалт зөрчилдөж, улмаар уг хуулийг цаашид амьдрал дээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдлыг бий болгож байгаа бөгөөд анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулах, шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоо, итгэлийг нэмэгдүүлэх зэрэг Үндсэн хуулийн зарчим жинхэнэ утгаараа хэрэгжихэд учир дутагдалтай байгаа тул Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Иймд уг хуулийг амьтай болгох, хэрэгжүүлэх нэг алхам хийх, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч ач холбогдол багатайгаар оролцдог практикийг эвдэх, иргэдийн төлөөлөгчийн оролцоо, хяналт, шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, ойлгомжтой, тэдний санаа бодолд түшиглэсэн байх зэрэг бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсрууллаа.
2. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэнд ихээхэн ач холбогдол өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан дүгнэлтийг шийдвэр гаргахдаа хүлээн авч байгаа эсэх, хүлээж аваагүй бол ямар шалтгаанаар хүлээн авах боломжгүй байсан гэдгээ тайлбарлан, шүүхийн шийдвэрт үндэслэлээ тусгаж байх, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзсэн бол хэргийн оролцогчид энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж болох, шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийн тоог нэмэхээр хуулийн төсөлд тусгасан нь энэ хуулийн гол үзэл санаа оршиж байгаа юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгаж байхаар хуульчилсан байхад Эрүүгийн байцаан шийтгэх тухай болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулалтгүй байгаа нь иргэдийн төлөөлөгч эрүү, иргэн, захиргааны хэрэгт өөр, өөр байдлаар оролцож байгааг илэрхийлж байна.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүргийг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад харилцан адилгүй хуульчилж өгсөн байсныг нэг мөр хэрэглэх зорилгоор Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгах нь ач холбогдолтой гэж үзсэн. Түүнчлэн иргэдийн төлөөлөгчийг ямар үндэслэлээр татгалзан гаргахтай холбоотой харилцааг энэ хуулийн төсөлд нарийвчлан тусгалаа.
Шүүх бүрэлдэхүүн хэрэг, маргааныг ээдрээ төвөгтэй гэж үзвэл 5-7 хүртэл сондгой тооны иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах юм. 7 хүртэл иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах нь нэг талаасаа шүүхийг хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх, нөгөө талаасаа шүүх шударгаар шүүн тасалдаг гэдгийг олон нийтэд харуулах, шударга ёсыг тогтоох ач холбогдолтой. Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн хүйсийн тэнцвэртэй байдлыг шүүхийн тамгын газар хангаж ажиллах юм.
Шүүгдэгч, зохигч, хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийг оролцоогүйгээр хэрэг, маргааныг шийдвэрлэх, иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дүгнэлт гаргах боломжгүй бол хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргах боломжийг олголоо.
Иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнд орохгүй болсонтой холбогдуулан зөвлөлдөх тасалгаанд гаргасан санал, хэлэлцсэн асуудлыг задруулахгүй байх, сургалтын нэгдсэн төлөвлөгөө батлах тухай заалтыг хүчингүй болгох, мөн хуулиудын уялдаа холбоог хангах, хууль хэрэглээнд тодорхойгүй байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор нэр томьёоны өөрчлөлт орууллаа.
Энэ хуулийн төсөл нь 7 зүйл, 26 хэсэг, 11 заалттай.
Хуулийн төсөлд анхан шатны шүүхүүдэд ажиллах иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаа хамаарна.
3.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох, нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал
Энэ хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн хувьд эрх зүйн ухамсар дээшилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн саналыг сонсож, түүнд үнэлэлт дүгнэлт өгснөөр шүүхийн шийдвэр чанаржих, шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн идэвх, оролцоо, хяналт, итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.
4.Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах тухай
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн өөрчлөлтийг оруулсантай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн тоо нэмэгдэхтэй холбогдуулан тэдэнд олгох хөлс, томилолтын зардал тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. /Судалгааг хавсаргав/
Энэ хууль батлагдсанаар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ шүүхийн бие даасан, хараат бус байдалтай зөрчилдөхгүй, бусад хууль тогтоомжид нийцнэ.
ХУУЛЬ САНААЧЛАГЧ
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны ... дугаар Улаанбаатар
сарын ...-ны өдөр хот
ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд дор дурьдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.3.3-3.3.4 дэх заалт:
\"3.3.3.шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, зохигч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор, гэрч, шинжээчид асуулт тавих;
3.3.4.хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах.”
2/3 дугаар зүйлийн 3.6-3.10 дахь хэсэг:
\"3.6.Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 3.3.4-т заасны дагуу бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргаж болно.
3.7.Энэ хуулийн 3.3.4-т заасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно.
3.8.Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шийдвэр, шийтгэх, цагаатгах, шүүхийн тогтоол гаргахдаа харгалзан үзнэ. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзвэл шийдвэр, шийтгэх, цагаатгах, шүүхийн тогтоолд үндэслэлээ тодорхой тусгана.
3.9.Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг зөвхөн дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзнэ:
3.9.1.Үндсэн хууль болон хууль тогтоомжийг зөрчсөн;
3.9.2.хэргийн үйл баримт, бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүй дүгнэлт гаргасан бол;
3.9.3.хөндлөнгийн нөлөөнд орсон нь тогтоогдсон бол;
3.10.Энэ хуулийн 3.9-т заасан үндэслэлээр гаргасан шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрөөгүй бол давж заалдах үндэслэл болно.
3.11.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шийдвэр, шийтгэх, цагаатгах, шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт заана.
3.12.Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хэрхэн үнэлж дүгнэснээ шийдвэрийн үндэслэх хэсэгт, шийтгэх, цагаатгах, шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана.”