БУУГҮЙ ХУВЬСГАЛД АЛГА ТАШЪЯ
2016-06-23 09:05:48 | 72Шүүхийн шинэтгэл богино хугацаанд эрчээ авч, Монголын шүүх хаалттай байдалдаа цэг тавьснаас эхлээд урьд өмнө түүхэндээ байгаагүй олон зоримог эргэлтүүдийг цоо шинээр хийсэн тухайд итгэх, итгэхгүй эргэлзээ бий. Шүүх бол горь тээж хаалгыг нь татсан олны цоргисон харц, урссан нулимс, оволзсон цухал, зангирсан өш хонзонгийн уулзвар. Хэрвээ шүүхийн хана туурга үг хэлдэгсэн бол ямархан өчил хүүрнэхийг таашгүй.
Дэнс атгасан шүүхийг шинэчлэх, хөндөх үнэндээ амаргүй. Төрийн тэргүүнээсээ санаачлан эхлүүлсэн энэ хувьсгал шулуун дардан замаар яваагүй. Түмэн бэрхшээл, мянган зовлонг амссан. Магадгүй Ерөнхийлөгч хүртэл чухам ямархан хатуу ам авч, ажил эхлүүлсэндээ эргэлзсэн биз. Ил, далд эсэргүүцэл, мушгин гуйвуулалт, шинэтгэл шүүрхий байна гэж цээж дэлдэгсэд бишгүй байв. Ямартаа л төрийн эрх мэдлийн нэг засаглалын энэхүү өөрчлөлт шинэчлэлтийн явцыг дэлхийд буугүй хувьсгал хэмээн нэрийдэхэв.
Шүүгчдийн цалин дуулиантайгаар нэмэгдсэний хариуд мэргэшсэн шүүгчид төрөн гарч, шүүх хуралдааны нэвт шувт бичлэг, шүүхийн шийдвэрүүд олон түмэнд дэлгэгдэж тавигдсан нь яалт ч үгүй шинэчлэл. Энэ бүгдээс ард иргэд л хожсон.
Тэгээд ч манай улс жил бүр НҮБ-ын хүний эрхийн тайландаа шүүхээ шинэчилж байгаагаа хамгийн түрүүнд бахархан, нүүр тахласаар ирсэн. Тэгвэл энэ бүхний хайныг Германы олон улсын байгууллагын мэргэшсэн экспертүүд нэг мөр хагалж, үнэлгээ дүгнэлт өгчээ. ХБНГУ бол эрх зүйн уугуул соёл, ухамсар, ардчиллын түвшнээрээ ямар орон гэдгийг нурших нь илүүц биз. Нэг ёсондоо шүүхээр нь л тухайн улсыг тодорхойлчихдог дэлхий Монголын шүүхийг бүхэлд нь \"нэгжив”.
Энэ нь Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлд шүүхийн тогтолцооны иж бүрэн, бодит, хөндлөнгийн үнэлгээг хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж, саналыг дэвшүүлснээрээ шүүх эрх мэдлийн онцлох томоохон үйл явдлын нэг юм.
Уг нь ийм судалгааг улс орнууд хийлгэхдээ жаахан болгоомжилдог юм гэсэн. Харин Монголын шүүх дэлхийтэй харьцах нэр нүүрээ үнэн мөнөөр нь харья гэж зориглосныг нь бас үнэлүүштэй.
Үнэндээ энэ бол зөвхөн шүүхэд өгч байгаа бус Монгол улсад өгч байгаа маш том үнэлгээ юм. Товчхондоо Монголтой дэлхий тоож харьцаж болохоор хэмжээнд шүүхийн шинэтгэл үнэлэгдсэн нь алга ташихаар үйл явдал мөн.
\"Монгол Улсын шүүхийн шинэтгэл нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй гарааны нөхцөлтэй бусад орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байна.
Шүүхийн бие даасан байдал /Judicial Integrity Group/-ын талаар тогтоосон олон улсын стандартуудын дийлэнх хэсгийг хуулийн хэмжээнд тусгасан байх бөгөөд шүүхийн практикт хэрэгжиж байна” гэсэн нь Монголын иргэдийг дэлхийн түвшинд ямар хэмжээнд яваа шүүхээр эрхээ хамгаалуулж байгаагаа мэдэх боломжийг олголоо.
Шүүгчдэд хэрэг хуваарилах процесс ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр программд цаг хугацааны дарааллаар, тохиолдлын журмаар хуваарилагддаг нь шүүгчийн хараат бус байдлын том нотолгоо гэдгийг судалгаа онцолсны зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчдийн ур чадвар асуудалтай нь шүүн таслах ажиллагааг удаашруулах, улмаар өөр бүрэлдэхүүнээр хэргээ шийдвэрлүүлэх зорилгоорхи боломжуудыг олон өмгөөлөгч бодитоор ашиглаж байгааг дурьджээ. Мөн өмгөөлөгчдийн үйлчилгээний хөлсний хэмжээг зохицуулаагүй, өмгөөлөгчдийн хувьд сургалтын эрэлт хэрэгцээ өндөр гэж тодорхойлсон байна.
Улаанбаатар хотын Дүүргийн шүүхийн шүүх хуралдааны танхимууд нь жижиг боловч шаардлага хангахуйц, хүндэтгэл төрүүлэхүйц мөн орчин үеийн сайн тоноглолтой, цахим систем нь хэвийн ажиллагаатай, шүүх хуралдааныг дүрс бичлэгээр шууд үзэх боломжтой, эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлсэн нь амжилттай хэрэгжиж, шүүхийн нэр хүндийг өсгөж байна гэсэн дүгнэлт бүхий \"Монгол Улсын шүүхийн цогц зураглал” судалгаанд шүүх өөрийгөө үйлчилгээний байгууллага гэж үздэг, нээлттэй, хүртээмжтэй байдал нь бүрэн хэмжээнд хангагдсан, шүүхийн мэдээлэлд хэвлэл мэдээлэл мэдрэмжтэй ханддаг, шүүгчдийн ажлын нөхцөл байдал, өөртөө итгэх итгэлд шүүмжлэх зүйл алга зэргээр нарийвчилсан олон үнэлэмжүүдийг өгчээ. Судалгаанд шүүгчийн цалингийн хэмжээг бууруулахгүй байх зохицуулалтыг хуулиас хассан нь ухралт хэмээн онцгойлон анхааруулсан нь басхүү сөрөг талыг нь ч орхигдуулаагүй байна.
Энэ мэтчилэн бүхэл бүтэн шүүх засаглалын хэмжээнд олон улсын байгууллага хөндлөнгөөс дүн тавьсан нь Монгол төрийн нэгэн салаа мөчрийг томруулдаг шилээр задлан шинжлээд буцжээ. Шударга ёсны баталгаа шүүх шинэчлэгдсэн юм байна. Харлаа, ханалаа, үзлээ гээч л бидэнд тохиов. Буугүй хувьсгал хэрхэн өрнөснийг дэлхий тоов. Түүнд алга ташья.
О.Цэлмэг
Эх сурвалж: \"Өнөөдөр” сонин 2016.06.23